Угаарын хийн дуудлагагүй хоножээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-12-19 12:14:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Нийслэлийн Онцгой комиссын 7 дугаар захирамжаар баталсан хуваарийн дагуу нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар хамтран хөдөлгөөнт эргүүлийг төвийн зургаан дүүрэгт хийж байна. Хөдөлгөөнт эргүүл нь шахмал түлшний хэрэглээ, түгээлт, борлуулалт, хангалт зэргээс гадна түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Мөн сайжруулсан шахмал түлш борлуулж байгаа 386 цэгийн түлшний нөөц, сайн картгүй иргэнд борлуулалт хийхгүй байх заалтыг биелүүлэлтийг хянаж шалгах ажлыг 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл явуулна. Анх удаа 24 цагийн турш угаарын хийн хордлогын дуудлага ирээгүй тайван хонолоо” гэв.

Түүнчлэн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 23-наас эхэлж байна. Амралттай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ