Инновацын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-20 18:11:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг эцэслэн баталлаа. 


Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /НББСШУБХ/-ны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг санал хурааж дэмжив. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд инновацын тогтолцоо, дэд бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зарим нэр томьёог агуулгын хувьд шинэчлэн тусгасан байна. Түүнчлэн гарааны буюу зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж эхлээгүй байгаа компаниуд олон нийтээс хөрөнгө босгох, хувьцаагаа хөрөнгийн биржээс гадуур арилжих боломжийг бүрдүүлэх зэргээр хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг хөгжүүлэх талаар заалт оруулжээ.

Холбоотой мэдээ