Ховд аймгийн газар тариалангийн салбарын хөгжлийн түүхээс...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарыг хөгжүүлсэн түүхэн замнал, амжилт ололтын тухай албаныхан мэдээлэл хийв.
Тэртээ
1959 оны 3 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас Монгол
оронд атар газар эзэмшиж,
газар тариалангийн үйлдвэрлэлийг хөдөө аж ахуйн хоёр дахь бие даасан салбар
болгон хөгжүүлэх, хүн амыг гурил, төмс, хүнсний ногоогоор бүрэн хангах, мал, аж
ахуйг таримал тэжээлийн тогтвортой баазтай болгох шийдвэр гарган ”Атрын
анхдугаар аян”-ыг орон даяар эхлүүлж
байсан түүхтэй.
Түүхэн
энэ хугацаанд Ховд аймгийн тариаланчид газар тариалан эрхэлж ирсэн уламжлал,
туршлагаа сэргээн өргөтгөх замаар тариалалтын талбайгаа нэмэгдүүлжээ. Улмаар мал аж ахуй, газар
тариалангийн ажлыг механикжуулах таатай нөхцөл бүрдүүлэн, тариалангийн
үйлдвэрлэл явуулах техник, технологид суралцан дадлагажиж эхэлсэн гэнэ.
Мал аж ахуйн машинт станц нь газар тариаланг
хөгжүүлэх, атар газар эзэмшихэд ихээхэн туслалцаа үзүүлсэн...
1959
онд ХАА-н техникумын агротехник, ХАА-н машин механикийн салбар ангиудыг нээж,
нэгдэл үүсэн байгуулснаар мэргэжлийн боловсон хүчинтэй болж төлөвлөгөөтэй,
шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариалан эрхлэх үүд хаалга нээгджээ.
Энэ үед Ховд аймгийнхаа хэрэгцээт өвс
тэжээлийн зохих хувийг хангах боломж бүрдүүлэх үүднээс Буянт суманд жилдээ 5000
тонн өвс бэлтгэх техникийн салаа, 3000
тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, Булган суманд Жимс - ойн турших станц
тус тус байгуулж байжээ.
Мөн Мөрөнгийн голыг өөрийн техникээр
боож суваг шуудуу гаргах замаар Дарви сумын Хөвхөрийн гол, Зэрэг сумын Цагаан
бургас гэх газарт тариа тарих ажлыг эхлүүлсэн нь орон
нутагтаа усалгаатай
тариалан эрхлэх анхны алхам болсон байна.
Түүнчлэн Төгрөг болон Ховд голын усыг
боож суваг шуудуу татсан нь Манхан сумын Өөшийн үзүүр, Таван ангис, Эрдэнэбүрэн
сумын Шар харгана, Гуу, Банди зэрэг газарт иргэдийн хүчээр тариа, хүнсний ногоо
тарих ажлын
эхлэл байсан аж.
Тэгвэл
Атрын
II аяны хүрээнд усалгаатай газар тариалан эрхлэх ажил эрчимтэй өрнөсөн байна. Энэ үед төр засгаас
усалгаатай тариалан эрхлэх асуудалд нэлээд анхаарч хөрөнгө санхүүгийн
боломжоор хангаж ажилласны үр
дүнд, услалтын систем барих ажил хийжээ.
Тухайлбал,
Ховд аймгийн Буянт
суманд томоохон услалтын систем
байгуулсан.
Үүний үр дүнд
аймгийн дүнгээр 1961-1965 онд 6182 га талбайд тариалалт хийж 7545 тонн,
1986-1990 онд эргэлтийн талбай 9324 га-д хүрч
24783 тонн ургац тус тус хураан
авсан байна.
Буянт
сумын “Соёл” нэгдэл 1955 онд га-аас 435 цн даршны ургамал хурааж улсын дээд
амжилт тогтоосон.
Тэгвэл 1960-1990
онд нэг га-аас Ховд сумын тариаланч Х.Хинаят 281 цн сонгино, А.Карбай 126 цн саримс, Буянт сумын тариаланч
С.Мэргэн 320 цн тарвас, Н.Булгаа 1137 цн байцаа, Ж.Цэцгээ 455 цн манжин хураан
авч улс, аймгийн дээд амжилтыг тогтоож байжээ.
Атрын
I, II аяны жилүүдэд Ховд аймгаас ажлын
туршлага, амжилтаа үнэлүүлсэн олон арван тариаланч төрөн гарсан байдаг.
Тэдний дотроос Улсын тэргүүний 13
тариаланч, хамт олон, аймгийн ургацын аварга тариаланч цолоор 90 гаруй хүн
шагнагдсан.
Мөн Г.Алтанхүү, Б.Лувсан,
Р.Хашбаатар, Г.Чунаг, М.Эрхэмбаяр, Марда нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
Б.Ноосон-Хөх, Ц.Өнөр, И.Төлөөгөн нар Гавъяат механикжуулагч цол
хүртэж байв.
Ховд
аймгийн 17 суманд
төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны үед 9500 га талбайд усалгаатай тариалан
эрхэлж байлаа. Үүний 4514 га нь инженерийн хийцтэй услалтын систем байсан
бөгөөд Эрдэнэбүрэн сумын 1700 га, Алтай сумын Боомын амны 757 га, Булган сумын
Хар үзүүр, Давхар эргийн 601 га, Дарви сумын Голын адаг, Хойт голын 532 га,
Буянт сумын Шар гуугийн 300 га-гийн инженерийн услалтын системүүд тухайн үедээ
хамгийн томд тооцогдож байжээ.
1989
онд 5600 га-д тэжээлийн ургамал, 3100 га-д үр тариа, 400 га-д төмс, хүнсний
ногоо тарьж,
11.7 мян.т ногоон тэжээл, 4.7 мян.т дарш, 3.2 мян.т үр тариа, 3.9 мян.т төмс,
3.6 мян.т хүнсний ногоо хураан авч, төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг бүрэн,
малын хэрэгцээт тэжээлийнхээ дийлэнхийг хангаж байсан нь Ховд аймгийн газар
тариалангийн эрчимтэй хөгжлийн үе байсан
аж.
Атрын
I II-р аяны үед газар тариалангийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж шаардлагатай
техник, тоног төхөөрөмжөөр хангасан хэдий ч 1990 онд хувьчлагдсанаар газар
тариалангийн салбар уналтад орж эхэлжээ.
Услалтын
томоохон системүүдийг хувьчлан авсан компаниуд орлогоороо үйлдвэрлэлийн зардлаа
нөхөж ашигтай ажиллаж чадахгүйгээс машин, техник, тоног төхөөрөмжөө худалдан
борлуулснаар газар тариалангийн үйлдвэрлэл, ялангуяа малын тэжээл, үр тарианы
үйлдвэрлэл эрс буурсан байдаг
Газар
тариалангийн салбарыг дахин хөгжүүлэх, сэргээхийн тулд бараг 10 орчим
жилийн дараа буюу 1997 оноос хэрэгжиж эхэлсэн Засгийн газрын “Ногоон хувьсгал”
хөтөлбөр, Олон улсын байгууллагын тэтгэлэг, тусламжийн үр дүнд газар
тариалангийн үйлдвэрлэл дахин сэргэж эхэлсэн юм. Улмаар 2008 оноос “Атрын гурав
дахь аян”-ыг эхлүүлсэн нь газар тариалангийн салбарын хөгжилд нэгэн шинэ
хуудас, боломжийг
нээж өгчээ.
Газар тариалангийн үйлдвэрлэл өргөжин
тэлсээр байна...
Өдгөө орон нутагт тариалан эрхлэгч
өрх, аж ахуйн нэгж, иргэдийг хөтөлбөрт өргөнөөр хамруулах, үр шимийг хүртэхэд
нь дэмжлэг үзүүлэх, техник, технологийн үйлчилгээнд хамрагдах боломж
бүрдүүлэхэд аймгийн төр захиргааны байгууллага бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн
ажиллаж байна.
Алслагдсан
бүс нутгийн иргэдийг чанартай, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол
хангах зорилгоор Жаргалант, Булган суманд ХАА-н Жимс жимсгэний агро паркийг
шинээр байгуулж байна.
Ховд
агро парк
төслийн хүрээнд Буянт суманд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон
ХАА-н цогцолборын үйл ажиллагааг 1800 га газарт эрхлэх боломжтой. Үүнээс 2019
онд 50 га талбайд тэжээлийн ургамал тариалж “Шимт” малын тэжээлийн үйлдвэр
байгуулан фермерийн аж ахуй эрхлэх нөхцөл боломж бүрдүүллээ.
1990
оны үед ашиглаж байгаад устаж үгүй болсон 13 услалтын системийг энэ онд сэргээж
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Үенч, Ховд,
Зэрэг, Булган суманд усжуулалтын систем байгуулан эхнээс нь ашиглалтад оруулж
байгаа гэнэ.
Ингэснээр 1000 орчим га талбайд малын
тэжээлийн ургамал тариалах бусад таримлын хэмжээ, газар тариалангийн салбарт
ажиллах хүний тоог нэмэгдүүлэх боломж бүрдэж байна гэж албаныхан
онцоллоо.
Мөн
Жаргалант суманд 1000 тн хүнсний ногоо хадгалах зоорь барьж байгуулан
ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.
Ховд аймаг хадлангийн
дотоодын нөөцийг бүрэн хангадаг аймаг болох зорилт тавьж, Булган, Буянт, Мянгад суманд
хадлангийн иж бүрэн салаа байгууллаа.
Тодруулбал,
82 морины хүчин чадалтай 6 ширхэг тракторыг иж бүрдлийн хамт, дундын
үйлчилгээний техник бүрдүүлэх зорилгоор үр тарианы болон эрдэнэ шишийн үрлэгч
тус бүр нэг ширхэгийг “Тариалан
эрхлэлтийг дэмжих сан”-гаас
зээлийн гэрээгээр авч аймгийн төвд татан төвлөрүүлжээ. Үүний үр дүнд жил ирэх тусам
газар тариалангийн үйлдвэрлэл өсөн нэмэгдсээр, өргөжин тэлсээр байна гэж салбарын удирдлагууд мэдээллээ.
