“Умардын урсгал-2”-ыг дуустал нь барина хэмээн мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА.
/РИА Новости/. АНУ-ын хориг арга хэмжээг үл харгалзан “Умардын урсгал-2”
хий дамжуулах хоолойг барих ажлыг дуусгах болно хэмээн ОХУ-ын
Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ.
“АНУ-ын хязгаарлалтын арга хэмжээний улмаас төслийг хэрэгжүүлэх үйл явц
таамаглаж байснаас илүү урт хугацааг авах хэдий ч үүний улмаас гамшиг тохиохгүй.
“Умардын урсгал-2”-ыг хоригоос үл хамааран дуустал нь барина гэдгийг АНУ-ын эрх
баригчид ойлгож байгаа. “Газпром” компани ч мөн төслийг цаашид хэрэгжүүлэх
боломжит хувилбаруудыг судалж байгаа” хэмээн тэрбээр ярьжээ.
Шударга бус өрсөлдөөн
“Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээ өрсөлдөөний бус шинжтэй
байгааг Д.Медведев цохон тэмдэглэжээ. АНУ-ын үйлдэл нь Европын олон орны ашиг
сонирхолд халдаж байгааг тэрбээр онцолжээ.
“Энэ бол олон улсын хэлэлцээ, олон улсын эрх, худалдааны зарчмуудтай зөрчилдөж буй өрсөлдөөний бус тэмцлийн арга замууд юм” хэмээн тэрбээр үзэж байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын хориг арга хэмжээ
“Умардын урсгал-2” болон “Туркийн урсгал” хий дамжуулах хоолойн төслийн
эсрэг хориг арга хэмжээ авахыг тусгасан 2020 оны батлан хамгаалахын төсөвт
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан юм.
Хоолой тавих ажлыг гүйцэтгэж буй компаниудад барилгын ажлаа даруй зогсоохыг АНУ-ын эрх баригчид шаардсан юм. “Умардын урсгал-2” хоолой тавих ажлыг гүйцэтгэдэг “Allseas” компани үүнтэй холбоотой үйл ажиллагаагаа хэдийнээ зогсоогоод байгаа юм.
“Умардын урсгал-2”-ын асуудлаарх
АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барих тухай асуудлыг хэлэлцэх эрт байгаа хэдий
ч энэ асуудлыг хариу барихгүйгээр орхихгүй гэдгээ Кремль цохон
тэмдэглэсэн байна.
“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. Энэ хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин чадалтай.
Тус хоолойг
барихыг эсэргүүцэж буй орны тоонд Украин хийгээд Европын хэд хэдэн улс багтаж
байгаа юм. Украин бол Оросоос Европт нийлүүлж буй хийг нутаг дэвсгэрээрээ
дамжуулан өнгөрүүлснөөр ашиг олдог транзит улс бөгөөд “Умардын урсгал-2”
ашиглалтанд орсноор Оросын хийнээс орлого олох боломжгүй болно гэж болгоомжилж
байгаа юм.