Сөүл БНАСАУ-ын байдлыг анхааралтай ажиглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-24 13:45:05

СӨҮЛ. /TASS/. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурал эхлэхийн өмнө БНАСАУ-д болж буй үйл явдлыг БНСУ анхааралтай ажиглаж байна гэж тус улсын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч хэвлэлийнхэнд зориулсан хурлын үеэр мэдэгджээ.


Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдсэн хурлыг энэ сүүлчээр товлосон тухай өмнө нь мэдэгдсэн юм. “Бид Умард Солонгосын байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


Өмнөд Солонгосын шинжээчдийн үзэж байгаагаар, энэ чуулганы үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээгээ тасалж, пуужингийн болон цөмийн туршилтаа сайн дураараа хойшлуулсныг зогсоож байгааг мэдэгдэж, үндэсний батлан хамгаалах салбарыг цаашид бэхжүүлэх бодлогыг зарлан тунхаглаж магадгүй байна. 


Телевизийн СNN сувгаар Умар Солонгосын эрх баригчдад ойр эх сурвалжийн мэдээллээс иш татан даваа гарагт уламжилснаар, БНАСАУ АНУ-ыг чиглэсэн шинэ хатуу бодлого батлахаар төлөвлөж байгаа бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхээс татгалзахыг энэхүү бодлогын гол заалт болгох аж.  


Шинэ бодлого нь АНУ-д зориулсан “Зул сарын бэлэг” байх болно гэж тус суваг мэдээлсэн байна. Зул сарын баярын үеэр ямар бэлэг хүлээн авах нь АНУ-аас шалтгаална гэж БНАСАУ-ын эрх баригчид энэ сарын эхээр мэдэгдсэн юм. БНАСАУ мөн эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулах тэмцлээсээ татгалзаж, цөмийн гүрний статусаа, түүнчлэн  улс орноо өөрөө хамгаалах боломжийг бэхжүүлэхээр төлөвлөжээ.


Энэ оны эцэс гэхэд хориг арга хэмжээг цуцлах  юм уу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх хоёр талын хэлэлцээнд үүсээд буй мухардлаас гарах харилцан хүлээн зөвшөөрсөн төлөвлөгөө боловсруулах эцсийн хугацааг БНАСАУ дангаар тогтоосон бөгөөд энэ хугацаа энэ сарын сүүлчээр дуусаж байгаа юм.


Холбоотой мэдээ