2019 оны “Онцлох хүүхдүүд”-ээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-26 11:04:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авч байгаа энэ мөчид “Хүүхдийн төлөө аймгийн зөвлөл”-өөс 2019 оны Онцлох хүүхдүүдийг тодруулан шагналыг гардуулан өглөө.

Сурлага, урлаг, спорт, техникийн сэтгэлгээгээр бусдыгаа хошуучилсан болон байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэгийн үйлсэд идэвх санаачилгатай оролцсон байдлаар нь долоон номинациар сурагчдыг шалгаруулж, ажил үйлсээрээ тэргүүлсэн амжилттай баг, хүүхдийн өөрөө удирдах байгууллагыг тус тус тодруулжээ.

“Сурлагын амжилт” номинацид Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12-ийн “г” ангийн сурагч Ж.Энхжин, “Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх, санал санаачлага” номинацид Цэгц билэг сургуулийн 11-ийн “б” ангийн сурагч Б.Ихболд, “Урлаг уран бүтээл” номинацид Эрдэнэдалай сумын сургуулийн 8-ийн “а” ангийн сурагч Ч.Өрнөлт, “Биеийн тамир спорт, бие бялдрын хөгжил” номинацид Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 9-ийн “а” ангийн сурагч А.Азхүү нар шаргарч, үе тэнгийн найзуудаа хошуучиллаа.

Харин байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, бусдын төлөө болон нийгмийн сайн сайхны төлөөх үйлсээрээ үлгэр дууриал болж яваа Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12-ийн “а” ангийн сурагч М.Оюундэлгэр “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” номинацид, мөн сургуулийн 8-ийн “в” ангийн сурагч М.Цэнгэлмаа “Эх орны түүх, соёл, өв уламжлал” номинацид, Гурвансайхан сумын 11-ийн “а” ангийн сурагч Э.Идшинхорол “Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс” номинацид тус тус нэр дэвшин оны онцлох хүүхдүүд боллоо.  

“Хүүхдийн өөрөө удирдах байгууллага” номинацид “Цэгц билэг” сургуулийн 12-ийн “а” ангийн сурагч Д.Билгүүн, “Багийн амжилт” номинацид “Цэгц билэг” сургуулийн “Тэмүүлэл” өсвөрийн сэргийлэгч бүлгэм тус тус шалгарч, шилдэг манлайлагчид болохоо харуулж чадсан юм.

Мөн энэ үеэр Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 8-ийн “б” ангийн сурагч Х. Ариунзул, Цэгц билиг сургуулийн 10-ийн “а” ангийн сурагч Б.Чулуундорж, Мандал сургуулийн 12-ын “а” ангийн сурагч Б.Чулуунцэцэг нар ГБХЗХГ-ын “Авьяас” медалиар шагнууллаа.

Оны “Онцлох хүүхдүүд”-ээ тодруулж, шагнах энэ мөчид “Хүүхдийн төлөө аймгийн зөвлөл”-өөс 2019 оны “Гэр бүлд ээлтэй байгууллага”-ыг тодруулсан бөгөөд энэхүү хүндтэй шагналын эзнээр Ш.Төрбат даргатай аймгийн Мэргэжлийн хяналтын алба шалгарчээ.

Холбоотой мэдээ