“Мартагдашгүй-2020” эмэгтэйчүүдийн анхны шинэ жилийн цэнгүүн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-29 12:52:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, “Мисс эмэгтэйчүүд” бүлэг, “Чагдаржав сан” хамтран 15 сумын 400 гаруй эмэгтэйчүүд оролцсон “Мартагдашгүй-2020” шинэ жилийн анхны цэнгүүнийг зохион байгууллаа.

Шинэ жилийн энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, “Чагдаржав сан”-ийн тэргүүн Б.Амарсанаа нар урилгаар оролцлоо.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ цэнгүүнд оролцогчдод баяр хүргэж, хэлсэн үгэндээ “Зөвхөн эмэгтэйчүүдийг цуглуулсан шинэ жилийн энэ үдэш их содон байна. Их сонирхолтой, онцлог байдаг юм байна. Зун цагт цэцэг алагласан талд явж байгаа юм шиг тийм сайхан мэдрэмж төрж байна.

Улс орон, аймаг, сумын хөгжлийг эмэгтэйчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй, нийгмийн хөгжилд эхчүүд, эмэгтэйчүүдийн маань оролцоо маш их чухал юм” гээд нийт оролцогчиддоо ирж буй шинэ жилийн мэнд хүргээд, аз жаргал, эрүүл энхийг хүссэн юм.

Эмэгтэйчүүдийн энэ цэнгүүний үйл ажиллагааг Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Түр Засгийн ерөнхийлөн захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд , Түшээт хан аймгийн Түшээт засаг хошой Чин ван Гадинбалын Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд  “Чагдаржав сан” ивээн тэтгэжээ.

Тус сангийн тэргүүн Б.Амарсанаа хэлсэн үгэндээ “Түр Засгийн ерөнхийлөн захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд Г.Чагдаржавын түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгууллаа. Өнөөдрийн энэ олон эмэгтэйчүүдийг баярлуулж байгаа энэ цэнгүүн маань Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж буй түүхэн ойг тэмдэглэх үйл ажиллагааны нэг хэсэг юм.

Энэ үйл ажиллагааг МЭХ-ны Дундговь аймгийн зөвлөл, “Мисс эмэгтэйчүүд” бүлгийн дэмжигчид хамтран зохион байгуулж, “Чагдаржав сан” дэмжин оролцож байна” гээд аймгийн нийт эмэгтэйчүүдийн төлөөлөл болж хүрэлцэн ирсэн, эхчүүд, эмэгтэйчүүдэд шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үдэш 2019 онд амжилт гаргасан эмэгтэйчүүдийг МЭХ-ны шагналаар шагнаж, мөн өвлийн өвгөн бэлгээ түгээж, автомашины супер хонжвор бүхий азын сугалаа сугалж, оргилуун дарсаа оргилуулан, амтат бялуугаа түгээж, Төв халхын дуулалт жүжгийн дуучид, бүжигчид, хөгжимчдийн тоглолттой хамт баярласан эмэгтэйчүүд  сэтгэл дүүрэн байлаа.

Энэ оройн хамгийн онцлог үйл явдал бол аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс нийгмийн сайн сайхны төлөө сайн үйл хийж, бусдад тусалж, сэтгэлийн гараа сунгаж байдаг эмэгтэйчүүдийг “Говьд гялтганах Хүн-Эрдэнэ”-ээр тодруулж, МЭХ-ны шагналаар шагнасан үйл явдал байлаа.

2019 оны “Говьд гялтганах Хүн-Эрдэнэ”-ээр Сайнцагаан сумын харьяат, АШУҮИС-ийн оюутан, Нийслэлийн 25 дугаар тусгай дунд сургуулийг хүртээмжтэй болгох төслийг санаачлагч Ш.Мөнхзул, монгол уламжлал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч, даалин урлаач, НЭ-ийн сувилагч Б.Эрдэнэтогос, Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн, “Нарны охид” төслийг санаачлагч, нийгмийн сайн сайхны төлөө олон сайн үйлсийг хэрэгжүүлсэн Ж.Нямаа, олон хүний алтан амийг аврахад хувь нэмрээ оруулсан, хүндэт  донор Н.Мөнцэцэг нарыг тодруулан алдаршуулсан юм.

Энэхүү цэнгүүнд оролцсон бүх эмэгтэйчүүд “Чагдаржав сан”-ийн нэрэмжит гарын бэлэгтэй харьсан бөгөөд хамгийн азтай эмэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс, оношилгооны их эмч Баянсангийн Буяндэлгэр тодорч,  автомашины түлхүүр гардан авчээ. 

Холбоотой мэдээ