М.Энхболд: Сонгуулийн дараа олонхгүй УИХ бүрдвэл МАН эвсэхэд бэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-20 14:20:13

МАН-ын удирлагууд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд тус намын бага хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн тухай товч мэдээллийг өмнө нь хүргэсэн. Одоо тус мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

Хэвлэлийн бага хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд хоёр өдрийн хурлаар мөрийн хөтөлбөрөө батлахад голлон анхаарч ажилласан. Тус мөрийн хөтөлбөр нь хэрэгжих бүрэн нэр үндэслэлтэй. Мөн нэр дэвшигчийг тодруулах журмаа баталсаны зэрэгцээ бие даагч гишүүдийг дэмжигчдийн дуу хоолойг сонсох зорилгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг намд элсэх боломжийг олгосон гэдгийг онцлоод 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд тус нам дангаараа оролцохоор болж, сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө өнөөдөр Үндэсний аудитын газарт хүргүүлж байна гэв.

Тэрбээр “МАН, МАХН эвсэж УИХ-ын сонгуульд оролцох хүрээнд хоёр талаас ажлын хэсэг байгуулан ажиллаж МАН-ын зүгээс 80х20 гэсэн санал тавихад МАХН 60х40 болгохыг хүссэн. Хоёр талаас байгуулсан ажлын хэсгийн дарга нарын гарын үсэг зурж тохиролцсон санамж бичигт 33х67 болгосон. МАН МАХН-ын саналд илүү хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсан. Мөн энэ санамж бичигт “Тогтсон зарчимаа өөрчлөхгүй, түүнээсээ буцахгүй, гэрээгээ байгуулж, эвслийн мөрийн хөтөлбөрөө баталъя” гэж тохиролцсон боловч өөрчлөх асуудал тавьсан нь итгэл алдруулсан. Хэдийгээр энэ удаагийн сонгуульд бид эвсэж орж чадаагүй ч гэсэн цаашдаа эвсэж нэгдэхийн төлөө ажиллана” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад намын дарга М.Энхболд болон Еийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН, МАХН 2016 оны сонгуульд хамтарч оролцох ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Н.Энхболд нар хариулт өгсөн.

-МАН болон МАХН-ын дарга нар өчигдөр орой Төрийн ордонд уулзаж ярилцсан гэсэн. Уулзалтаар юу ярьсан бэ?

М.Энхболд: -Бид МАХН-ыг 16.00 цагт эвсэх эсэх асуудлаар эцсийн хариугаа өгөхийг сануулсан. Гэвч 17.00 цаг хүртэл ямар ч хариу өгөөгүй. Харин 18.00 цагийн үед манай намд МАХН-аас бичиг ирж, хоёр намын даргыг ажлын хэсэгтэй уулзуулах санал тавьсан. Бид Бага хурлаа өндөрлүүлэх гэж байсан боловч түр завсарлаж Төрийн ордонд уулзсан. МАХН-ын дарга хэд хэдэн нэмэлт санал тавьсан. Уулзалт 3 цаг гаруй үргэлжилсэн. МАХН-ын удирдлага эвсэх тал дээр хичээл чармайлт гаргах бодолгүй байгаа юм байна гэж үзсэн.

-Эвсэх асуудлыг нээлттэй үлдээсэн гэдгийг юу гэж ойлгох вэ?

-УИХ-ын сонгуулийн үр дүн яаж гарахыг хэн ч мэдэхгүй. Хэрвээ сонгуулийн дараа олонх бүрдээгүй УИХ бий болбол МАН хэнтэй ч эвсэж энэ улс орны төлөө зүтгэхэд бэлэн. Өчигдөр муудсан, өнөөдөр ярихгүй гэдэг юм байхгүй. Улс орны эрх ашгийн төлөө, ард түмний эрх ашгийн төлөө хэнтэй ч шинэ ауудал үүсгээд хамтраад явах бололцоотой.

-Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарыг эвсэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байхад МАХН-ын дарга Н.Энхбаяр ажлын хэсгээс гарсан зөвшилцөлд хүрсэн баримтыг бариад Ардчилсан намын даргатай хэлэлцээр хийх маягийн юм хийгээд явж байсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ тал дээр та бүхэнд мэдээлэл байна уу?

Ч.Хүрэлбаатар: -МАН, МАХН сонгуульд эвсэж орох асуудлаар ажлын хэсэг байгуулан ажилласан. Мэдээлэл хийсний дараагаар МАХН-ын дарга, Ардчилсан намын даргатай уулзсан гэдэг мэдээлэл ирсэн. Бид сонгуульд хамтарч оролцох санамж бичиг байгуулсны дараа бусад улс төрийн хүчний удирдлагатай уулзаад яриа хийгээд яваад байгаа нь эвсэх асуудлыг эргэлзээнд оруулж байна гэдэг бичгийг явуулсан. Бид тэдний уулзаж байгааг нүдээрээ хараагүй. Гэхдээ буцаад бидэнд өгсөн хариундаа “Бидний бусад намуудтай хийсэн яриа МАН-тай эвсэхэд нөлөөлөхгүй” гэсэн байсан ч хүлээн авах боломжгүй саналуудыг тавьж эхэлсэн.

-Эвсэх ажлын хэсэг мэдээллээ Н.Энхбаяр даргад мэдээлэхгүй байсан юм уу?

-МАХН-ын ажлын хэсэг дотооддоо ажлаа яаж зохион байгуулж байсныг мэдэхгүй. МАН-аас гарч ажилласан ажлын хэсэг уулзалтын үр дүн хэлцэж зөвшилцөж байсан.

-МАХН мөрийн хөтөлбөрөө эвсэх болон эвсэхгүй гэсэн хоёр хувилбараар боловсруулсан гэсэн. Танай нам мөрийн хөтөлбөрөө яаж боловсруулсан вэ?

С.Бямбацогт: -Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгүүд байгуулсан. МАХН-ын ажлын хэсгийг сайд Ц.Цолмон хариуцан ажиллаж байсан. Эвсэх асуудал нэлээд эрчимтэй яригдаж, ажлын хэсгүүд ойлголцох үед мөрийн хөтөлбөрөө хэдийд нэгтгэх асуудлаар би Ц.Цолмон сайдтай уулзсан. Уулзаж ярилцаад мөрийн хөтөлбөрөө нэгтгэх асуудлаар зарчмын хувьд санал нэгдсэн. Өчигдөр орой 18 цагт МАН-ын мөрийн хөтөлбөр батлагдаагүй байсан. Харамсалтай нь МАН-тай эвсэхээр ярьсан МАХН өчигдөр 15 цагийн үед мөрийн хөтөлбөрөө түрүүлээд баталсан байсан. Бид бол эвслийн мөрийн хөтөлбөр гарна гэж хүлээж байсан. МАН-ын мөрийн хөтөлбөр бол ард түмний санаа бодолд тулгуурласан. Бид мөрийн хөтөлбөртөө хүүхдээ харж буй ээжүүдэд цалин олгоно. Нийт оюутанд 70 мянган төгрөг олгоно. 1072 хувьцааг амь оруулна гэх зэрэг асуудлыг хөтөлбөртөө тусгасан.

Б.Туул

Гэрэл зургийг Ч.Чадраабал

 

Холбоотой мэдээ