Худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгчийн татварын хувь хэмжээ өөрчлөгдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-02 16:59:38

Булган /МОНЦАМЭ/  Булган аймагт энэ оны эхнээс хувь хүний орлогын албан татвартай холбоотой захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг мөрдөж эхэллээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч иргэний сар бүрийн төлөх татварын хувь хэмжээг аймгийн ИТХ-аас тогтоосон шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн яам хянан үзэж захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгэжээ.

Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч иргэний сар бүрийн төлөх татварын хувь хэмжээг Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд заасан хязгаарын доод хэмжээгээр татвар төлөхөөр иргэдийн гаргасан саналын дагуу тогтоосон байна. Тухайлбал бичил худалдаа эрхлэгч нэг, хот хоорондын болон хот доторх зорчигч тээврийн үйлчилгээ, 1-5 тоннын даацтай тээврийн хэрэгслээр ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчид таван хувиар татвар төлөхөөр боллоо. Харин таваас дээш тоннын даацтай тээврийн хэрэгслээр ачаа тээврийн үйлчилгээ явуулдаг иргэнд 10 хувиар татвар ногдуулах юм.

-Татварын хувь хэмжээг өөрчилснөөр иргэд ажил үйлчилгээ явуулсан үедээ татвар төлөх бөгөөд энэ жил бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч иргэний татварын орлогоор нийтдээ 20-30,0 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн гэж аймгийн татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн ярилаа.

Холбоотой мэдээ