Халдварт өвчин гарсан бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-07 16:09:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод  шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдээд буй. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар, Хонконг, Сингапурт өвчний тохиолдлууд нэмэгдсэн байна. 

Тус бүсийн эрүүл мэндийн байгууллага өвчний шалтгаан, эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд энэ нь шувууны томуу, мэрскоронавирүс биш болох нь батлагдсан. Иймд ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллага хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн түвшин “дунд” зэрэг, идэвхжлийн 1 зэрэгтэй байна гэж үнэлжээ.


Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

-Онцын шаардлагагүй бол халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нутгуудад зорчихгүй байх,

-БНХАУ-аас ирж буй зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавьж, асуумж авах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчийг илрүүлэх, түр тусгаарлах, эрүүл мэндийн тусламж үзүүлж эмнэлэгт шилжүүлэх,

-Зорчигчийн халуун хэмжих төхөөрөмж, улсын байцаагч, мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцасны бэлэн байдалд анхаарах,

-Зорчигчдод сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх,

-Тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийх,

-Болзошгүй байдлын үеийн аргачилсан зааврын дагуу бэлэн байдлыг хангах,

-БНХАУ-аас импортолж буй хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа далайн гаралтай бүтээгдэхүүний баримт бичиг, гарал үүсэл, хорио цээр, аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлт, хадгалалтад анхаарах зэргээр ажиллаж байгаа аж. 

 

Холбоотой мэдээ