Гэр хорооллын иргэд инженерийн шугам сүлжээнд эхнээсээ холбогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-01-08 09:21:14

Увс /МОНЦАМЭ/. 2019 онд Улаангом сумын 11-р багт 1660 метр урттай дулаан, цэвэр усны 5 хос шугам, 880 метр бохирын шугам татаж, түүнийг тэжээх 22 худаг шинээр гаргасан байна. Энэ ажлыг улсын комисс хүлээн авсан бөгөөд хэрэглэгчээ холбоход бэлэн болгожээ.

Ингэснээр Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт агаарын болон хөрсний бохирдлыг шийдэж иргэдийн аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдээд байна. Ямартай ч шинэ оны босгон дээр тус багийн гурван хэрэглэгч анхлан холбогдоод байна.

2020 онд үргэлжлүүлэн 1500 метр урттай дулаан, цэвэр усны 5 хос шугам, 1000 метр бохирын шугам татахаар төлөвлөсөн байна. Ингэснээр Улаангом сумын 11-р баг энэ онд гэхэд яндангүй, нүхэн жорлонгүй, орчин үеийн гэр хороолол болж хөгжлийн дараагийн шат буюу дахин төлөвлөлтдөө шилжих аж.

Улаангом сумын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажилд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачилгатай ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд 9 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд дахин 9 сая төгрөг улсын төсөвт суулгаад байна. Ингэснээр Улаангом сумын 4, 5, 6, 11-р багууд дэд бүтцэд холбогдоно. 

Холбоотой мэдээ