Өнгөрсөн онд 500 орчим тонн мах экспортолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-09 16:29:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 2019 онд гадаадын улс орнууд руу нийтдээ 400 тонн хонины мах, 98 тонн адууны махыг тус тус экспортолжээ.

Аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн баталгаажуулалтын ахлах шинжээч Р.Гульзадагийн тайлбарласнаар тухайн онд экспортолсон махны хэмжээ өмнөх онтой харьцуулахад хонины мах 114 хувь, адууны мах 102 хувиар өссөн байна.

 Ангилан савласан хонины махыг "Зергер интернешнл", "Азат" компаниуд Иран Улс руу, адууны махыг "Азых", "Мон Тува" компаниуд Бүгд Найрамдах Казахстан Улс руу тус тус гаргажээ.

Ташрамд сануулахад, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ард иргэд 2019 онд 625 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэж, 638 мянган толгой малыг зах зээлд нийлүүлнэ гэсэн тооцоог гаргасан юм.

Холбоотой мэдээ