“Темасек” олон улсын сангийн хөтөлбөр хариуцсан захирал Жералд Ёотой уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-10 14:36:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек”  олон улсын сангийн хөтөлбөр хариуцсан  захирал Жералд Ёо тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзав.


Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүнд зах зээлийн шинэ боломжуудыг нээхэд анхаарч, энэ бодлогын хүрээнд худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж буйг Д.Цогтбаатар сайд онцлон тэмдэглэв. Монгол Улсын худалдааны хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлэх ажлыг дэмжиж, Сингапурын “Темасек”  олон улсын сан ГХЯ-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсонд тус сангийн удирдлагад талархаж буйгаа мөн илэрхийлэв.


Ноён Жералд Ёо, 2020 онд хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тариф, бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр цуврал сургалтыг Сингапур болон Улаанбаатарт зохион байгуулахаар болсон тухай мэдэгдэв.


Монгол Улсын ГХЯ болон Сингапурын “Темасек”  олон улсын сантай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийг Монгол, Сингапурын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ