Баян-Өлгийд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, сурагчдын амралтыг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-10 16:13:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын хурал өнөөдөр 11:00 цагт боллоо. Хурлаар аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн 7 хоногоор түр зогсоож, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл сунгалаа.

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаалын дагуу амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлбэл хөл хорио тогтоож, цэцэрлэг, сургууль болон олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлана. Тус аймгийн хувьд энэ сарын эхний долоо хоногийн тандалт судалгаагаар амбулаторийн үйлчилгээ авсан нийт 3619 хүний 9,1 хувиас нь томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 5 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Холбоотой мэдээ