Дундговийн малчдад мал тэнхрүүлэх бэлдмэл илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-21 11:59:16

Хүндхэн өвлийн ар дээр малын тамир тэнхээ доройтуулсан хаврын тарчиг цаг залгаад байгаа ийм үед малаа тэнхрүүлэхэд нь зориулсан бэлдмэлийг Дэлхийн Мал, амьтныг хамгаалах байгууллага Дундговь аймгийн малчдад илгээжээ. 

Нийт 25 тонн үнээний сүү орлуулагч болон, эрдсийн долооцийг  тус байгууллага Дундговь аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өгсөн байна.

Үнээний сүү орлуулагч болон ашигт долооцийг малчдад хэрхэн хуваарилах талаар аймгийн Онцгой байдлын  газрын дарга Я.Алтанхундагаас тодруулахад, “10 сумын 750 өрхөд хүргэнэ.  Ингэхдээ 200- аас доош толгой малтай, малын хорогдол олонтой байгаа өрхөд өгөх юм. Мөн НҮБ- ын хүмүүнлэгийн тусламжид хамрагдаагүй өрх байхаар сонгож байгаа” гэлээ.

Нэг малчин өрхөд 12.5 кг үнээний сүү орлуулагч, 20 кг эрдсийн долооц ногдож байгаа бөгөөд үүнийг сумын ЗДТГ аймгийн төвөөс татан авч, малчиддаа хүргэх юм байна.

 

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ