Залуу бизнесмэний ажлын гараа амжилттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-13 14:30:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул Цогтбаатарын Пүрэвхүү өөрийн хүсэл зорилго, сонирхолдоо хөтлөгдөн арьсан эдлэлээр гар урлал хийн “Гүнтэн” брэндийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.


Пүрэвхүү дунд сургуульд байхаасаа л өөрийн компанийг өөрийн гараар үүсгэн байгуулж, хүмүүст ажлын байр бий болгох гэсэн томоохон хүсэл зорилгоо өдий цэл залуухан 22-хон насандаа ийнхүү биелүүлжээ. Хэдий нас залуу ч энэ хүрэх замдаа олон янзын ажил төрөл хийж, олон олон шинэ санаанууд туршиж үзэн унаж босч явжээ. Их сургуулиа төгсөхийн өмнөхөн тэрээр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-т төслөө өгч хамрагдсанаар 10 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Үүгээрээ ажлын байртай болж, 2-3 хүн цалинжуулан ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт үйл ажиллагаа жигдрүүлэн тогтворжих нөхцөл бүрджээ.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн групп компани болох, олон улсад таниулах зэрэг томоохон холын зорилго өвөрлөж байгаагаа итгэл төгс ярьж байна. Төсөл хөтөлбөрт хамрагдсанаар бүтээгдэхүүнээ хийх багаж, тоног төхөөрөмжөө сайжруулах, шинээр авах, маркетинг хийхээс гадна ажилчдаа цалинжуулах зэрэгт томоохон хувь нэмэр болсон байна. 

Тэрбээр эхнэр хүүхдийн хамт аймгийн төвд ажиллаж амьдардаг. Энэ жил Их Засаг их сургуулийг компьютер програм хангамжийн мэргэжлээр төгсчээ.

Холбоотой мэдээ