Халамжийн санд үүссэн өрийг энэ сард багтаан төлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-13 17:57:38

Увс /МОНЦАМЭ/. 2018 онд халамжийн сангийн мөнгийг орон нутгийн сангаас олгож байсан бол 2019 оноос эхлэн улсын төсөв рүү шилжсэнтэй холбоотой халамжийн санд 170 сая төгрөгийн өр үүссэн байна.

Тодруулбал, халамжийн тэтгэврээ 305 иргэн, нөхцөлт мөнгөн тусламжаа 451 иргэн, амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжийг 411 иргэн, жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмжээ 377 хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг 175 иргэн, ахмад настнуудад үзүүлэх хөнгөлөлт 219 иргэнд тус тус олгогдож чадалгүй, нийтдээ 170,2 сая төгрөгийн өр аймгийн хэмжээнд үүсээд байжээ. Энэхүү өрийг 2020 оны төсвийн төсөөлөлд тусган энэ сард багтаан барагдуулахаар болсон байна.

“Халамжийн тэтгэвэр, цалинтай ээж хөтөлбөр, насны хишиг, жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмж, алдар цолтой ахмадуудын мөнгөн тэтгэмжүүдээ иргэд нэрийн дансаараа шууд авах боломжтой болсон. Иргэд нэрийн данс нь бүртгэлтэй арилжааны банкин дээрээ дуртай цагтаа очиж дээрх 5 төрлийн тэтгэмж, тэтгэврийн мөнгөө авах боломжтой. Энэ нь иргэдийн цаг завыг хэмнэсэн, санхүүжилт дуусна, дараагийн сар хүртэл хүлээнэ гэсэн асуудлыг шийдэж өгсөн чухал ажил болсон” хэмээн аймгийн ХХҮГ-ын Халамжийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Нямдорж хэллээ.

Холбоотой мэдээ