Монгол, Канадын хамтын ажиллагаа уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-14 16:22:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Талууд Монгол, Канад нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн адил үнэт зүйлстэй бөгөөд хамтын ажиллагааг зөвхөн уул уурхайгаар хязгаарлахгүй эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг болон спортын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа харилцан тэмдэглэлээ.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын гуравдагч хөрш, уул уурхайн салбар дахь томоохон хөрөнгө оруулагч Канад Улсын олборлох салбарын шилдэг менежментийг нэвтрүүлэх, хүний эрх, эмэгтэйчүүд, охидын эрх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албаны чадавхыг сайжруулах зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлэв.


Элчин сайд К.Ивкоф хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүхий л чиглэлээр хөгжүүлэх, ялангуяа Канадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ