Монгол Улсын Ерөнхий сайдын захидлыг Японы иргэн М.Такамурад гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Япон Улсын Аомори мужийн иргэн
М.Такамура болон түүний гэр бүлд илгээсэн захидал, дурсгалын зүйлийг энэ сарын 10-нд очиж гардуулав.
Аомори мужийн захиргааны байранд болсон ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 26 жилийн өмнө “хоум-стэй” хийсэн айлын Митоши Такамура, эхнэр Юмико Такамура, охин Томоми Янагизава 6 сартай охины хамтаар хүрэлцэн ирэв.
Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Батжаргал М.Такамура санд хандаж хүсэлтийг хүлээн авч цаг зав, сэтгэл гарган Аомори хотод хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ 24 жилийн өмнө Аомори мужид ирсэн тухайгаа анх дурсаж, “хоум стэй” хийсэн танай гэр бүлтэй тогтоосон холбоогоо сэргээх хүсэлт илэрхийлсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог жавхлант Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцох үеэрээ мөн энэ тухайгаа дахин илэрхийлж, танай гэр бүлийг Монгол Улсад урих тухай ярьсан. Ийнхүү Япон Улсын Гадаад хэргийн яамны тусламжтайгаар бид бүхэн уулзаж байгаад баяртай байна” гээд Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн захидлыг уншиж танилцуулан ёслол хүндэтгэлтэйгээр түүнд гардуулав.
М.Такамура, “Маш их баярлалаа. Сэтгэл сайхан байна. Гэнэтийн зүйл боллоо. Манай гэрт гадаадын зочид цөөнгүй ирж “хоум стэй” хийж байсан ч, 26 жилийн өмнө У.Хүрэлсүх бидэнд маш дотно сэтгэгдэл үлдээсэн. Түүнийг Ерөнхий сайдын хариуцлагатай албанд томилогдон ажиллаж байгааг дуулаад их баярласан. Өнөөдөр Элчин сайд Танаар дамжуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас энэхүү халуун дотно үгтэй захидал хүлээн авсандаа бид баяртай байна” гэв.
Элчин сайд Д.Батжаргал Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс М.Такамурад илгээсэн “Их нүүдэл” хэмээх бүтээлийг тайлбарлан гардуулж түүний аав, эхнэр, 2 охинд Ерөнхий сайдын гарын бэлгийг өгөв.