Архангай аймагт 100-аас дээш настай 5 хүн аж төрж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-20 10:30:48

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2019 оны эцэст урьдчилсан дүнгээр 27.0 мянган өрх, 94.1 мянган хүн амтай байна.  Нийт хүн амын 49.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж, хүйсийн харьцаа 100.6 байна. Өрх хүн амыг байршлаар нь авч үзвэл нийт өрхийн 4.9 мянган өрхийн 16.7 мянган хүн сумын төвд, 22.3 хувь буюу 6.0 мянган өрхийн 21.6 мянган хүн аймгийн төвд оршин сууж байна. Нийт өрхийн дотор 2 ихэр хүүхэдтэй 257 өрх байгаа бол 18 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 1778 өрх байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Мөн 2195 ганц бие өндөр настан өрх байгаагийн 71.0  хувь нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэй байна. Аймгийн дүнгээр өрхийн дундаж ам бүл 3.5,  хүн амын нягтрал 1 км2-д 1.7 буюу сийрэг байна.

Аймгийн хэмжээгээр 90-99 настай 77 хүн, 100-аас дээш настай 5 хүн байна. Өрх толгойлсон 2416 эмэгтэйчүүд байгаагийн 8.6 хувь нь 6 ба түүнээс дээш ам бүлийг тэжээж байна. Мөн нийт 1452 өнчин хүүхэд байгаагийн 7.3 хувь нь бүтэн өнчин хүүхдүүд байгаа ба 34 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна гэв.

Холбоотой мэдээ