Мөнххайрхан сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-21 11:33:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Мөнххайрхан суманд ажиллалаа.

Энэ үеэр сумын төвөөс 20 гаруй км зайд, далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт орших Хаг багийн нутаг Дулаан өтөгийн орой хэмээх газар өвөлжиж буй Улсын аварга малчин Ч.Оюуны гэрт зочилж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.

Улсын аварга малчин Ч.Оюун энэ жил бод, бог нийлсэн 1200 толгой мал тоолуулсан бөгөөд хавар 400 гаруй төл авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

44 дэх жилдээ мал маллаж буй тэрбээр “Ойрын хэдэн жилд тохиогоогүй өнтэй сайхан өвөл болж байгаа тул төл малаа хорогдолгүй авч, урин хавартай золгоно доо” гэж ярьж байлаа.

Энэ жил Мөнххайрхан сумын мал аж ахуйн дөрвөн багт нийт 595 малчин өрхийн 111 мянган толгой мал өвөлжиж, хаваржих юм. 

Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын иргэд хөдөлмөрчид, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, Ховд аймгийн хэмжээнд 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажил, 2020 оны зорилго, зорилтоо танилцууллаа.

Мөн сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, ЕБС, дотуур байр, цэцэрлэг, Ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. 

Холбоотой мэдээ