Хүүхдийн эмчилгээний зардалд тусалсан монгол залуугийн бичлэг шуугиан тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-21 13:40:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн Б.Нурболатын БНХАУ-ын Жинан хотын нэгэн гудамжинд өвчтэй хүүхдийнхээ эмчилгээний зардалд мөнгө цуглуулж буй хятад иргэдэд тусалсан бичлэг цахим орчинд олон нийтийн талархлыг хүлээж байна.

Б.Нурболатын хувьд хүүхдээ эмчлүүлж Жинан хотод түр амьдарч байгаа аж. Түүний  1 нас 10 сартай хүү Н.Мейрам нь баруун болон зүүн нүдний хорт хавдартай, баруун нүд нь төрөлхийн хараагүй гэж оношлогджээ. Тэрбээр сайхан сэтгэлт иргэдийн сэтгэлийн хандив, дэмжлэг, туслалцааны ачаар хүүхдээ БНХАУ-ын Бээжин хотын Хүүхдийн эмнэлэг, Жинан хотын QILU эмнэлэгт эмчлүүлж, 2 дахь хагалгаа энэ сарын 18-ны өдөр амжилттай болжээ. Цаашид удаан хугацаагаар явагдах хими болон бусад эмчилгээний үр дүнд хоёр нүдний хорт хавдрыг амь насанд нь аюулгүй болгожээ. Цаашид төрөлхийн хараагүй байсан баруун нүдэнд хараа орох магадлал өндөр гэсэн оноштойгоор одоо БНХАУ-ын Жинан хотын QILU хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байна.

Энэ үеэр хүүгийн эцэг Б.Нурболатын Жинан хотын нэгэн авто замын явган хүний гарцанд хүүхдээ тэврэн туслалцаа хүсэж буй хятад иргэнд тусалж “Харанга” хамтлагийн “Чамдаа дуулах дуу”-г дуулж буй бичлэгийг орон нутгийн иргэд олон нийтийн сүлжээнд тавьжээ. Уг бичлэг олон хүний талархлыг хүлээж байгаа аж. Б.Нурболат энэ үйлдлээ өөрийн facebook хуудсандаа, Хорвоо дэлхийн үр бүхэн ээж аавынхаа дэргэд эрүүл энх л байвал аз жаргал юм даа. Энэ хүмүүс бидэн шиг л зүрхэндээ гуниг тээж яваа болохоор туслахгүй өнгөрч чадахгүй юм билээ. Зүгээр л чаддаг зүйлээрээ жаахан ч гэсэн дэм болохыг хүслээхэмээн тайлбарлаж, туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст болон БНХАУ-ын Жинан хотын QILU хүүхдийн эмнэлгийн мэс заслын их эмч Хан Минг Лей болон Бээжингийн Хүүхдийн эмнэлгийн мэс заслын их эмч Жао Жун Яан нарт талархал илэрхийлжээ

Бяцхан хүү Н.Мейрамын хоёр нүдний хими болон бусад төрлийн эмчилгээ үргэлжилж байгаа бөгөөд хандив өргөх хүмүүс түүний ээж С.Сергүлийн ХААН банкан дахь 5058210200 дугаартай дансаар дамжуулан тусламжийн гараа сунгаж болох ажээ. 

Бичлэгийг доорх линкээр орж үзээрэй. 

https://www.facebook.com/ALLIANCE.JPMN/videos/2537244459932230/ 

Холбоотой мэдээ