Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-21 13:06:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэлтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөөр байгаа юм.


Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулжээ.


Байнгын хорооны хуралд оролцсон гишүүд хуулийн төслийн талаар асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Тиймээс хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй юм.

Холбоотой мэдээ