2020 оны нээлтийн харвааг Толбо нуурт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-21 16:04:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 2020 оны нээлтийн харваа болох урианхайн мөсний сурын харвааг уламжлалын дагуу  “Толбо нуур” жуулчны баазад амжилттай  зохион байгууллаа.

Мөсний сурын харваанд улсын аварга, спортын мастер Б.Энхтүвшин, спортын мастер А.Чинбат, А.Мөнхбат, Ц.Мөнхбаяр, Г.Наранзул, Д.Эрдэнэ-Очир, Д.Бат-Эрдэнэ, М.Батгэрэл тэргүүтэй Баян-Өлгий, Ховд аймгаас нийтдээ 98 харваач оролцож, цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн Жаргалант сумын залуу харваач, спортын дэд мастер Д.Алтангэрэл 20 сумаас 20 онож түрүүллээ.

Удаах байруудад Ховд аймгийн Жаргалант сумын харваач, спортын мастер Д.Бат-Эрдэнэ /19 оноо/, М.Гансүмбэр /18 оноо/ нар тус тус шалгарлаа.

Мөсний харваатай хамт эмэгтэйчүүд болон хүүхдийн мөсний шагайн харваа, үндэстний хувцсаар гоёсон хос шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулав.  Эмэгтэйчүүдийн мөсний шагайн харваанд 57 харваач оролцож, Баян-Өлгий аймгийн “Цамбагарав Өгөөж” компанийн харваач Т.Цогзолмаа, Өлгий сумын лаборатори хоёрдугаар сургуулийн харваач Х.Оюунцэцэг, А.Пүрэвсүрэн нар эхний байруудад шалгарлаа.

Харин хүүхдийн харваанд Өлгий сумын лаборатори хоёрдугаар сургуулийн сурагч Н.Энх-Орших тэргүүллээ.

2020 оны нээлтийн харвааг зохион байгуулахад "Explore the Great Altai" “Kobesh Travel”, "Цамбагарав Өгөөж" зэрэг компаниуд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна. 

Холбоотой мэдээ