Засгийн газар тэтгэвэр нэмэх талаар хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-22 10:46:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 20 асуудал хэлэлцэж байна.


Хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал-2050 батлах тухай” тогтоолын төсөл, Жагсаалт батлах тухай, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах тухай хэлэлцээрийн төсөл багтжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачлан боловсруулсан Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл, Тэтгэврийн хэмжээг нэмэх тухай, Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Түүхэн газрын зургийн цуврал цомог хэвлүүлэх талаар хэлэлцэнэ.


Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан дүнгийн талаар, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, БХБ-ын сайд, ЗТХ-ийн сайдын гадаад томилолтын үр дүн болон Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний явц, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ