“Лозанн-2020” наадмын гүйлтийн цанын тэмцээн дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-22 12:18:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Лозанн хотноо болсон, залуучуудын өвлийн III наадмын гүйлтийн цанын тэмцээн "Vallee de Joux Cross Country Centre"-т өчигдөр /2020.01.21/ гүйлтийн цанын классик буюу сонгодог техникээр эмэгтэйчүүд 5 км, харин эрэгтэйчүүд 10 км -т уралдсанаар дууслаа.


Эмэгтэйчүүдэд 82 цаначин мэдүүлгээ өгснөөс 77 тамирчин гараанаас гарсан. Монголын тамирчин Б.Номин-Эрдэнэ 18 минут 08.7 секундын амжилтаар 61 дүгээр байрт оржээ. Харин Д.Урангоо барианд орж чадаагүй хоёр тамирчны нэг болов. Манай тамирчин мөсөн дээр хальтирч унан эмнэлэгт хүргэгдсэн байна. Биеийн ерөнхий байдал нь гайгүй бөгөөд шинжилгээ хийлгэж байгаа аж.



Эмэгтэйчүүдийн 5 км -т Шведийн М.Русенберг 14:15.7 амжилтаар алтан медаль хүртлээ. Энэ нь түүний “Лозанн -2020” -иос хүртэж буй гурав дахь медаль бөгөөд Русенберг ийнхүү залуучуудын олимпын алт, мөнгө, хүрэл гэсэн цогц медальтай болов. Мөнгөн медалийг Швейцарын Ш. Виггер 14:28.4 амжилтаар хүртлээ. Түүний хувьд гурав дахь медаль бөгөөд Виггер өмнө нь хоёр алтан медаль хүртээд байсан юм. Харин 14 минут 36.3 секундийн амжилт үзүүлсэн АНУ-ын К.Крамер энэ зайд хүрэл медалийн эзэн боллоо.



Эрэгтэйчүүдийн уралдаанд 85 тамирчин мэдүүлгээ өгсөн ч гараанаас 79 гарсан. Монголын цаначин О.Золбаяр 10 км-ийн зайг 30 минут 03.7 секундэд туулж, 38 дугаар байрт орлоо. Манай тамирчны ард Украин, Швейцар, АНУ, Канад, БНСУ гэх мэт улсын 41 тамирчин бичигдлээ. Мөн Б.Хонгор 32 минут 06.6 секундын амжилтаар 61 дүгээр байрт оров.



Энэ зайн алтан медалийг ОХУ-ын И.Трегубов 26:40.5 амжилтаар хүртсэн бол мөнгөн медалийг Германы Э.Кех 27:25.5, хүрэл медалийг АНУ-ын У. Кох 27:29.5 амжилтаар хүртлээ.


Ташрамд дурдахад, Монголын хоёр цаначин охид 15 настай бол, Б.Хонгор 16, О.Золбаяр 17 настай юм.


“Таван цагариг”-ийн сурвалжлагч Э.Гуамарал

Гэрэл зургийг OIS/ Chloe Knott, Joel Marklund

Холбоотой мэдээ