Ухань хотод хөл хорио тогтоов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-01-23 12:45:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ухань хотод хөл хорио тогтоож, нийтийн тээврийг зогсоосноос гадна хотоос гарахыг хориглосон талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.


Тус хотод гарсан шинэ төрлийн коронавирусний халдвараар өнөөдрийн (2020.1.23) байдлаар, 580 гаруй хүн халдварлаж, 17 хүн нас барсан байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоож буй юм.


Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусний халдвараас сэргийлэх талаар зөвлөмж гаргасан байна. Үүнд:


1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;


2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;


3. Мах, өндгийг гүйцэд болгож идэх;


4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;


5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;


6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;


7. Түүхий ус уухгүй байх;


8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;


9. Арьс, салстаа гэмтээхгүй байх;


10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;


11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;


12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;


13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;


14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

Холбоотой мэдээ