Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-22 10:53:01

Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ийн хүрээнд зохион байгуулагдах уулзалтуудын салхийг хагалж, түүчээ болсон Ази, Европын парламентын түншлэлийн /АЕПТ/ 9 дүгээр уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ.

Төрийн ордны Их танхимд эхэлж буй АЕПТ-ийн ээлжит уулзалтыг нээж Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр эхлээд Ази, Европын хооронд нэгэн гүүр болж ирсэн Монгол Улсад зохиогдож буй АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтад уригдан ирсэн төлөөлөгчдөд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд, манай улсад тавтай зочлохыг хүссэн юм. Мөн “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо тэлж, Ази Европын Парламентын Түншлэл өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан.  Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэдгийг бид мэднэ.  Тухайлбал,одоогоос 800-аад жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан, Италийн иргэн Пиан Де Карпини 1246 онд  Монголын Их Хаан Гүегт  Ромын Папын захидлыг гардуулсан. Мөн Италийн иргэн Марко Поло 800-аад жилийн өмнө  Монголын Их Хаан Хубилайн ордонд 20 гаруй жил шадарлан сууж байсан, энэ үедээ Монголын Их Эзэнт Гүрэн Ази, Европыг  холбосон “Торгоны их зам”-ыг ивээлдээ авч Ази, Европын худалдаа, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж байсан гээд олон түүхийг хэлж болно. Энэ нь 800 гаруй жилийн өмнө Ази, Европ тивийн улсууд ийм идэвхтэй харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй бие биеээсээ хамааралтай нэг дэлхийд, түүний дотор Ази, Европ хоёр тивийн улсууд үеийн үед харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй  үүргийг өвөг дээдэс  минь бидэнд гэрээсэлж үлдээсэн гэж би хувьдаа үзэж байна. Бид өнөөдөр тэрхүү харилцааг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаа” гэв.
Түүнчлэн “Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэнээс хойш Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, түүний дотор АСЕМ-ын түнш орнуудын парламентууд, Европын Парламентын хамтын ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирлээ.  
Ази, Европын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Хоёр тивийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөтгөн гүнзгийрүүлэх нь АСЕМ-ын нэг чухал зорилт бөгөөд сүүлийн жилүүдэд орхигдоод байсан  энэхүү салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бид санал нэгтэй байгаа болно” гэлээ.  
Тэрбээр мөн Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьдог гээд Монгол Улсад парламентын ардчилал баттай тогтож чадсан гэдгийг онцлон тэмдэглэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын нээлтэд баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрбээр “Ази, Европ тивд дэлхийн нийт эдийн засгийн 63 хувь, нийт хүн амын 58 хувь ноогдож байдаг. Тиймээс дэлхийд тулгамдаж буй томоохон асуудлуудыг манай хоёр тив ярьж ойлголцож чадвал дэлхийн нийтийн тогтвортой байдал, хөгжил дэвшил, энх тайванд чухал үүрэгтэй. АСЕМ-ийн 20 жилийн ойн хүрээнд цаашдын чухал зорилт гарч, хэтийн төлвөө тодорхойлох учир Монголд болж буй энэ уулзалт их чухал" гэв. Тэрбээр мөн Хуулийн засаглал, Авлигатай тэмцэх, Бизнесийн “старт-ап”-ыг дэмжих гэсэн АСЕМ-ийн уулзалтад Монгол Улсын дэвшүүлж буй санаачлагыг танилцуулав. Түүнчлэн парламентчдын уулзалтаас гарах Тунхаглал, санал санаачлагыг АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад хүргэх, тусгалаа олоход хүчин чармайлт гаргана гэдгээ илэрхийлсэн юм.

Дараа нь АЕПТ-ийн 8 дугаар уулзалтын ерөнхийлөгч, Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо үг хэлэв. Тэрбээр энэхүү уулзалтад АЕПТ-ийн 8 дугаар уулзалтын буухиаг дамжуулж байгаадаа баяртай байна гээд Ром хотноо батлагдсан Тунхаглалд Эдийн засаг, санхүүгийн удирдлага зохион байгуулалт, Тогтвортой хөгжил болон хүнсний аюулгүй байдал гэсэн хамтын ажиллагааны хоёр чухал сэдвийг онцлон авч үзсэн гэлээ. Мөн засаг, улс төрийн шийдвэр ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэхийг батлах, ил тод байдлыг хангах асуудалд хууль тогтоогчид, парламент хоорондын яриа хэлэлцээний үнэ цэнийг чухалчилсан гэв. Ром хотноо Ази, Европын парламентчид эдийн засгийн өсөлтийг сэргээхэд Евроази бүсийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван чиглэлд тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн оролцоог хангасан арга хэмжээ авахыг Засгийн газруудад уриалсан гэдгийг ноён Пьетро Грассо онцлон тэмдэглэлээ.     
АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтад 32 орон болон Европын Парламентаас 170 орчим төлөөлөгч оролцож байна. Үүний дотор Энэтхэг, Тайланд, Итали /Сенатын танхим/ гэсэн 3 улсын парламентын дарга, Австрали, Польш, Унгар, Вьетнам, Индонези, Финланд, Итали /Төлөөлөгчдийн танхим/, Испани гэсэн найман улсын парламентын дэд дарга нар оролцож байна.
АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд Нэгдсэн хуралдааныг даргалан явуулж байгаа бөгөөд нэгдүгээр Нэгдсэн хуралдаан нээлтийн арга хэмжээ болон салбар хуралдаануудыг удирдан явуулах, илтгэл тавих гишүүдийг баталснаар өндөрлөлөө. АЕПТ-ийн 9 дүгээр уулзалт нь “Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг олон чухал асуудлыг  хэлэлцэх юм.
Нэгдсэн хуралдаан завсарлаж, оролцогчид дурсгалын зураг татуулсны дараа нэгдүгээр салбар хуралдаан “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, хоёрдугаар салбар хуралдаан “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд Төрийн ордны Их танхим болон “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд хуралдаж эхлээд байна.


Үдээс хойш 14.30 цагаас салбар хуралдаануудаас гарсан дүгнэлтийг хэлэлцэх, Тунхаглалаа батлах хоёрдугаар Нэгдсэн хуралдаан эхэлнэ.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ