Иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-27 22:36:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.


Үүнд, Улсын Онцгой комиссоос ирсэн үүрэг даалгаврын дагуу ирэх гуравдугаар сарын хоёрныг хүртэл сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан бөгөөд орон нутгийн хэмжээнд өнөөдрөөс олон нийтийн төрөл бүрийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлах шийдвэрийг гаргалаа


Мөн үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн заавар зөвлөмж хүргэх,  иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо. 

Түүнчлэн өвчлөлийн байдалд хяналт тавьж, бэлэн байдлыг хангах, шаардлагатай бодис, хамгаалах хэрэгслийг татан нөөц бүрдүүлэх, худалдаанд гаргах чиг үүргийг холбогдох байгууллагуудад өгч, PC тоглоомын газрыг түр хугацаагаар хаахаар боллоо.


БНХАУ-д гараад буй коронавирусний талаар буруу ташаа мэдээлэлд авталгүй, мэргэжлийн болон хэвлэл мэдээллийн байгууллагаас үнэн зөв мэдээлэл авахыг аймгийн онцгой комиссынхон ард иргэддээ анхааруулж байна.

Холбоотой мэдээ