Орон нутгийг зорих зорчигч олширчээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-01-27 14:17:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрээр ЕБС, цэцэрлэг, Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэр гарсантай холбогдуулан Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн оюутан, сурагчдын зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна.

Иймд Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын зарим чиглэлд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслийг нэмж төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Өнөөдрийн 10 цагийн байдлаар 60 чиглэлд 77 тээврийн хэрэгслээр 2695 зорчигч үйлчлүүлж байгаа бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн, зам даваа саадгүй байгаа талаар АТҮТ-өөс мэдээллээ.

Зорчигчид хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт хэрэглэж, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж зорчихыг тус төвийнхөн сануулж байна.

Ташрамд дурдахад, зөвхөн БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчдын тогтмол болон тогтмол тээврийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарласан юм.

Холбоотой мэдээ