АНУ, Хятад хоёр Умардын асуудлыг хэлэлцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-04-22 15:09:54

ТОКИО. /NHK/. Цөмийн туршилт болон пуужин хөөргөсөнийх нь учир Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд АНУ болон Хятад улсууд хамтран ажиллах нь чухал гэж АНУ-ын тусгай төлөөлөгч  онцолжээ.

Умард Солонгосын асуудлыг хэлэлцэхээр томилогдсон АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким Бээжин хотноо Хятадын төлөөлөгч Ву Давей-тай пүрэв гарагт уулзсан байна.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Ким хэлэхдээ "Умард Солонгос удахгүй 5 дахь удаагийн цөмийн туршилтаа явуулж магадгүй гэсэн мэдээнд сэтгэл түгшиж байгаагаа"  илэрхийлжээ.

Мөн тэрбээр хэлэхдээ "Умард Солонгосын уг өдөөн хатгасан хариуцлагагүй үйлдлийн эсрэг АНУ болон Хятад улсууд нэгдсэн байр суурьтай байгааг" дурдсан байна.

Умард  Солонгос, АНУ хоёр яриа хэлцээ хийх хэрэгтэй гэж Хятадын тал уриалж байгаа тухайд тусгай төлөөлөгч хэлэхдээ "манай улс дипломат үйл ажиллагаа явуулахад бэлэн байгаа боловч  Умард Солонгосын тал уг асуудлыг сонирхохгүй байгаа нь харагдаж байна" гэжээ.

Мөн тэрбээр "Умард Солонгосын эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хамгийн сүүлд авсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд АНУ, Хятад хоёр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй" гэж мэдэгджээ.

Х.Сарнай




 


 

Холбоотой мэдээ