Сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигч нь аймаг, нийслэлд мөн нэр дэвшиж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-28 20:35:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийжээ. Мөн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу холбогдох саналын томьёоллуудыг бэлтгэжээ.


Ингээд Байнгын хорооны ажлын багаас гаргасан саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг “Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно” гэж өөрчлөн найруулж, төслийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн “нэр дэвшигч” гэсний өмнө “Энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд” гэж, төслийн 33 дугаар зүйлийн 33.1.6 дахь заалтын “нэгээс илүү тойрогт” гэсний өмнө “энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд” гэж тус тус нэмэх саналыг дэмжлээ. Мөн төслийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсгийн “төрийн албанаас хална” гэсний өмнө “Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу” гэж нэмэхээр тогтов. Мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “04 дүгээр сарын 01-ний” гэснийг “08 дугаар сарын 01-ний” гэж, төслийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.15 дахь хэсгийн “22:00” гэснийг “20:00” гэж өөрчлөхөөр боллоо. Ингэснээр төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн холбогдох бусад албан тушаалтнууд нь орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших бол 08 дугаар сарын 01-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх, орон нутгийн сонгуулийн санал авах өдрийн 20:00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоохоор тусгаж байгаа юм.


Түүнчлэн төслийн 28 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуугатай 28.8 дахь хэсгийг нэмэх, төслийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг “сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно” гэж өөрчлөхөөр тогтлоо. Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “аймгийн төв 3000-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 4000-аас дээшгүй” гэснийг “аймгийн төвийн сум болон дүүрэгт 3000-аас илүүгүй” гэж өөрчлөх, төслийн 78 дугаар зүйлийн 78.2, 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсгийг тус тус хасах боллоо.


Дараа нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүлгийг хийлээ. Тус Байнгын хороо энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд уг хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Гэвч эдгээр хуульд тухайн асуудлыг зохицуулсан зохицуулалт байхгүй тул мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдлыг арилгах хэрэгцээ, шаардлага үүсчээ. Иймээс Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт оруулах замаар хууль хоорондын зөрчлийг арилгуулах асуудлыг хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.2.2 дахь заалтад заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос холбогдох санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэний дагуу асуудлыг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.


Хууль зүйн байнгын хорооны танилцуулга болон хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Холбоотой мэдээ