Хөл хориог цуцалсан ч өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлахгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-29 11:48:28

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Онцгой комисс энэ сарын 28-ны 22,00 цагт хуралдан, Чингис хотын зургаан байршилд тогтоогоод байсан хөл хориог цуцаллаа.


Албаны эх сурвалжийн мэдээлснээр Хэнтий аймагт уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан охиноос авсан шинжилгээний дээж ХӨСҮТ-д ирсэн бөгөөд хариу нь гарчээ. Тодруулбал, коронавирус биш томуугийн A хүрээний H3N2 болох нь тогтоогдсон байна. Тиймээс коронавирусний халдвар тархсан байж болзошгүй газруудаас Онцгой, Цагдаагийн албан хаагчдыг татан авлаа.


Харин аймгийн Онцгой комиссоос гаргасан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг цуцлаагүй бөгөөд томуугийн дэгдэлт улсын дундажтай ижил түвшинд, дэгдэлт ихтэй байгаа учраас цаашид анхаарах хэд хэдэн асуудлыг мөн хурлаар хэлэлцэв.


Түүнчлэн, Хэрлэн сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг харгалзан үзэж, зарим шийдвэрийг цуцалж болох талаар талууд зөвшилцөв. Ингэхдээ сумын онцгой комиссын хурлын шийдвэрээр цуцлагдах аж.


Холбоотой мэдээ