Саппоро 2030 оны өвлийн Олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-01-30 14:14:13

ТОКИО. /Kyodo/. Японы хойд нутгийн Саппоро хот 2030 оны өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө гэж тус улсын Олимпын хорооноос лхагва гарагт мэдэгджээ. Японы Олимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүд Токиод болсон хурлаар уг шийдвэрийг гаргажээ.


1972 оны өвлийн Олимпын наадмыг зохион байгуулсан Саппоро хот 2030 оны Олимпыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх боломжтой гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах энэ сард мэдэгджээ. Токио хотноо энэ онд болох зуны Олимпын зарим тэмцээнийг Саппоро хотод зохион байгуулахаар болсоны дараа тэрбээр ийнхүү хэлсэн байна.


Японд зуны улиралд хэт халдагтай холбогдуулан Токиогийн Олимпын марафон гүйлт, спорт алхааны тэмцээнүүдийг Токиогоос өөр хотод зохион байгуулах саналыг ОУОХ өнгөрсөн 10 дугаар сард гаргасан билээ. Эдгээр тэмцээнийг Саппоро хотод зохион байгуулснаар 2030 оны өвлийн Олимпыг зохион байгуулах магадлал нэмэгдэнэ хэмээн тус хотын удирдлагууд үзэж байгаа ажээ.


“Саппоро хот өмнөх байгууламжууддаа түшиглэн Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлт гаргасан байх магадлалтай бөгөөд энэ талаарх шийдвэрийг тус хотын удирдлагуудтай хэлэлцсэний дараа гаргана” гэж Японы Олимпын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Кэйко Момий хэлжээ.


2030 оны өвлийн Олимпыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Испанийн Барселона болон 2002 оны өвлийн Олимпын наадмыг зохион байгуулсан АНУ-ын Солт-Лэйк хотын удирдлагууд мөн илэрхийлээд байна.


Олимпын наадмыг зохион байгуулахад хэт их зардал шаардагддаг гэх шүүмжлэл болон зарим орны иргэдийн эсэргүүцлийн улмаас ОУОХ Олимпын наадмыг зохион байгуулах хотуудыг сонгон шалгаруулах зарчимдаа өнгөрсөн зургадугаар сард өөрчлөлт оруулжээ. Үүний дагуу дараагийн Олимпын наадмуудыг хэд хэдэн хот эсвэл улсад зохион байгуулах боломжтой болжээ.


2030 оны Олимпын наадмын тов хараахан гараагүй байгаа юм. Саппоро хот нь 2026 оны Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтэй байсан боловч 2018 оны есдүгээр сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас уг шийдвэрээ өөрчлөхөд хүрчээ. 


С.Анужин

Холбоотой мэдээ