Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улстай мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-31 14:08:07
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамдын хоёрдугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 30-ны өдөр ӨАБНУ-ын Претори хотноо боллоо. Талууд хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцлоо.


Уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Өмнөд Африкийн талаас Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны яамны Ерөнхий захирлын Ази, Ойрх Дорнодын асуудал хариуцсан орлогч Анил Сооклал нар тус тус тэргүүлэн оролцов. 


Өмнөд Африкийн тал уул уурхайн салбар дахь ололт амжилт, туршлагаасаа манай улстай хуваалцах, нүүрснээс шингэрүүлсэн хий гарган авах технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц боломжийн талаар санал солилцож,  хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх, тус тусын улсад зохион байгуулж буй олон улсын хурал, арга хэмжээнд төлөөлөгчдөө харилцан оролцуулахын ач холбогдлыг тэмдэглэжээ. Энэ хүрээнд 2020 онд Монгол Улсад зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн форумд Өмнөд Африкийн тал өндөр ач холбогдол өгч, эдийн засаг, бизнесийн өргөн хэмжээний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоо мэдэгдсэн байна.


Талууд Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Дипломат, албан паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрүүдийг байгуулах чиглэлээр ажиллахаар болов.


Өмнөд Африк улс нь 2020 онд Африкийн холбоог даргалж байгаа бөгөөд энэ хүрээнд Африкийн болон дэлхийн хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй нийтлэг сорилт бэрхшээлийг амжилттай даван туулах чиглэлээр Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.


Манай хоёр улсын ГХЯ-д хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт 2011 онд Улаанбаатар хотноо болж байжээ. 2019 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 7,8 сая ам.доллар байснаас манай улс сүлжмэл эдлэл, ноолууран цамц, оношилгооны урвуул зэрэг 2,6 сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортолсон байна.

Холбоотой мэдээ