Гадаад улсыг зорих зорчигчдын тоо буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-31 15:23:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдварын тохиолдол илэрсэн бүс нутагт зорчихгүй байх зөвлөмжийн дагуу гадаад улс руу явах иргэдийн тоо буурсан тухай ЭМЯ өнөөдөр хийсэн ээлжит мэдээллийнхээ үеэр мэдээллээ.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Энэ сарын 25-нд хилийн найман боомтоор 6560 зорчигч, 2280 тээврийн хэрэгсэл хил гарч байсан бол, өчигдрийн байдлаар  2465 зорчигч, 463 тээврийн хэрэгсэл хилээр гарч гадаад улсад зорчих иргэдийн тоо 2.5 хувиар буурчээ.  Мөн боомтоор орж ирэх зорчигчдын  тоо 4.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг иргэд сайн дагаж мөрдөж байгаа нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх том алхам болж байна” гэдгийг тодотгоод, “Иргэдэд шинэ коронавируст халдварын талаарх мэдээлэл өгөх утас 24 цагаар ажиллаж байна. Энэ сарын 22-29-нд 891 дуудлага хүлээн авсан. Өдөрт  100 гаруй дуудлага ирснээс иргэд шинэ коронавируст халдвартай холбоогүй асуулт асуух, олон нийтэд ил болсон мэдээллийг давтах зэргээр ачаалал үүсгэж байна. Тиймээс иргэд хэрэгтэй зүйлээ асууж хүндрэл учруулахгүй  байхыг хүсэж байна” хэмээн энэ үеэр илэрхийлсэн юм.


Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 16 хүн байгаа бөгөөд 12 хүн өнөөдөр гарах бол үлдсэн 4 хүнээс шинжилгээ авч байгаа аж. ХӨСҮТ-д сэжигтэй өвчтөнийг тусгаарлах ажлыг зохион байгуулах үндсэн дөрвөн баг, нөөц дөрвөн баг, нийт найман баг бэлэн байдалд ажиллаж байгаа аж.


Олон улсын Эрүүл мэндийн дүрмийн онцгой байдлын хороо өчигдөр хуралдаж нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал зарласан.


Үүнтэй холбоотойгоор, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, “БНХАУ-д шинэ коронавируст халдвар авсан иргэн, халдварын шинж тэмдэг илэрсэн орны тоо нэмэгдэж байгаа  учир онцгой байдал зарласан. Онцгой байдал зарласантай холбоотойгоор ямар нэг аялал жуулчлал, худалдаанд хязгаарлалт хийхгүй байхыг зөвлөж байна. Харин хязгаарлалт гэдэгт виз татгалзах, хил хаах, ямар нэг шинж тэмдэг илрээгүй бол аялагч жуулчдыг түр саатуулах зэрэг үйл ажиллагааг хамруулж үзнэ. Халдвар зөвхөн БНХАУ-д тархаж байсан бол одоо дэлхийн 20 гаруй улсад бүртгэгдээд байна. Шинэ коронавируст халдварын тархалтын явцыг ажиглавал оргил үедээ ороод буурах хандлагатай байгаа ч энэ талаар мэдээлэхэд арай эрт байна” гэсэн юм.

 

Холбоотой мэдээ