Аймгийн Онцгой комисс хуралдав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-02-05 14:05:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөрш орнуудад коронавирусний халдвар тархсантай холбогдуулж, аймгийн Онцгой комисс хуралдлаа. Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл өгч, уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан юм.

Аймгийн Эрүүл мэндийн газраас эм, эмнэлгийн хэрэгслийг татан авч, бусад хэрэгцээтэй эд зүйлсийн судалгааг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна. Мөн ажлын өдрүүдэд 9-22 цагийн хооронд иргэдэд зөвлөгөө өгөх утсыг ажиллуулж эхэлсэн ба урьдчилан сэргийлэх зөвлөгөө бүхий гарын авлага, материалуудыг олон нийтийн газруудад байршуулаад байгаа аж.

Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, уялдуулах зорилгоор хурал, уулзалтуудыг зохион байгуулжээ. Онцгой комиссын хурлаар цаашид хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцасны талаарх мэдээлэл солилцсон бөгөөд хэрэв өвчний сэжигтэй тохиолдол илрэх үед дор хаяж гурав хоногийн нөөцтэй байх үүргийг аймгийн Засаг даргаас холбогдох албаныханд өглөө.

Холбоотой мэдээ