ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлэх ажил 58,9 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Төрийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэх явцдаа хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллахаас гадна жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг /ХОМ/ үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Дархан-Уул аймаг нийт 325 мэдүүлэг гаргагчтай аж. 2020 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн байдлаар 179 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар мэдүүлсэн нь 58,9 хувьтай байна.
Тухайлбал:
Аймаг, сум, багийн Засаг дарга, орлогч дарга, аймаг сумдын ИТХ-ын
дарга, нарийн бичгийн дарга нар, ИТХ-ын төлөөлөгчид болон Дархан арьс шир
цогцолборын ТУЗ-ийн гишүүд бүхий нийт 150 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг
аймгийн ИТХ-ын ахлах ажилтан хүлээн авч байгаа аж.
Харин аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн
хэлтсийн ахлах мэргэжилтэн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний
хэлтэс, агентлагийн удирдлагууд, төрийн захиргааны байгууллагуудын ахлах мэргэжилтэн
зэрэг нийт 175 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч байна.
Албан тушаалтнуудаас ХОМ-ийг жил бүр гаргуулан авч байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гол үйл ажиллагаа ажээ.
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө,
орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар
зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны 2 дугаар сарын
15-ныг хүртэл бямба, ням гаригт ажиллах тул хуулийн хугацаанд
мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж
байна.