Ил задгай газар худалдаа эрхлэхийг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-04 12:21:47

Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлжээ.

Тус байгууллагын ажлын хэсэг хоёрдугаар сарын 2-3-ны өдөр Жаргалант сумын зах, худалдааны төв, тэдгээрийн гадна талбайд ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Улмаар ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, хяналт шалгалтын явцад махны худалдаачид амны хаалт зүүсэн боловч зориулалтын бээлий хэрэглэх тал дээр учир дутагдалтай байна гэж ажлын хэсгийнхэн дүгнэлээ.   

Мөн шингэн сүү, айраг, бусад ил задгай дэлгэн тавьсан хүнсний бүтээгдэхүүнийг таглах, тусгай уутанд хийхийг зөвлөв. Харин захын гадна ил задгай талбайд зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж буй иргэдийг битүү худалдааны төв, зориулалтын үйлчилгээний газарт ажиллахыг зөвлөсөн байна.

Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын газрын урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу орон нутгийн фермерийн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн мөрдөлт, байр, орчны цэвэрлэгээний байдалд дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, гар угаах, ариутган халдваргүйтгэх, амны хаалт хэрэглэх тухай зөвлөмж өгчээ. 

Холбоотой мэдээ