Хятад улстай хиллэдэг автозамын боомтуудыг энэ сарын 6-наас хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-04 13:33:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар БНХАУ-аас бусад улсад шинэ коронавируст халдварын сэжигтэй тохиолдол 2838, нас барсан хүний тоо 57-д хүрсэн тухай ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээллээ. 

Тэрээр ЭМЯ-наас өнөөдөр зохион байгуулсан ээлжит мэдээллийн үеэр мөн, шинэ коронавируст халдварын сэжигтэй 7 тохиолдол Вьетнам, ХБНГУ, Энэтхэг, АНУ-д гарсан, үүний 5 тохиолдол нь БНХАУ-д зорчсон иргэд байгаа тухай хэлэв

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар бусад улс дахь ЭСЯ-аар дамжуулан ажиллаж байна. Нэгдүгээр сарын 28-нд БНХАУ-ын хил нээснээс хойш өнөө өглөөний 8 цагийн байдлаар 5200 монгол иргэн эх орондоо ирсэн. Эрээний консулын газарт одоо 150 иргэн эх орондоо буцах хүсэлтээ өгсөн байгаа. Энэ сарын 6-наас Хятад улстай хиллэдэг автозамын боомтуудыг хааж, агаарын болон төмөр замын боомтуудаар монгол иргэдээ оруулна. Гадаад улсад байгаа иргэдэд хэлэхэд тухайн улс дахь Монгол Улсын ЭСЯ, консулын газартаа бүртгүүлэх хэрэгтэй. Ингэснээр учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм” гэв.

Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар: Монгол Улсад 13 хилийн боомт үйл ажиллагаа явуулдаг. Үүний 5 боомтыг одоогоор хаасан. Энэ сарын 5-ныг хүртэл зөвшөөрөлтэй бусад боомтоор Монгол Улс иргэдээ оруулж ирж байна. Мөн зорчигчийн эрүүл мэнд, тэдний ачаа тээшинд шалгалт хийж байна. Ялангуяа далайн гаралтай болон бүрэн боловсруулаагүй бүтээгдэхүүнд шалгалт хийж зарим тохиолдолд хураах, буцаах, устгах арга хэмжээ авч байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс манайд өгсөн 200 оношлуурын 100 нь үлдсэн. ДЭМБ-аас 3000 оношлуур авахаар болсны эхний ээлж дараагийн долоо хоногт ирнэ. Мөн хувийн хамгаалах хэрэгсэл ирнэ.  Ухань хотоос ирсэн 31 иргэнээс эхний ээлжинд шинжилгээ аваад хариу нь сөрөг гарсан ч тусгаарлаж, хяналтад байлгаж байгаа. Ажлыг гүйцэтгэсэн багийнхныг мөн тусгаарлаж, өдөр бүр үзлэг хийн, хянаж байна. Тодорхой хугацааны дараа зөвлөлдөөд дахин шинжилгээ хийнэ. Эмч, тархвар судлаачдын бүтэн баг ажиллаж байна.

П.Хүслэнтуяа


Холбоотой мэдээ