Коронавирусний дэгдэлтийн үед нэн шаардлагатай хэрэгслүүдийг БНХАУ-ын ЭСЯ-нд хандивлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-02-04 13:56:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын соёл урлаг, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид шинэ коронавируст халдварын тархалтын үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг БНХАУ-ын ЭСЯ-нд хандивлалаа.

Амны хаалт, бээлий зэрэг нийт 3 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын соёл урлаг, аялал, жуулчлалын багийнхан сэтгэлийн хандив болгон цуглуулсан байна.

Уг хандивын зүйлсийг хоёр улсын худалдааны чухал боомт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урдын дунд хошуунд илгээх аж.


Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр хэлэхдээ, “Өнөөдөр бид Ази тив, БНХАУ, дэлхий нийтийг цочроосон шинэ төрлийн вирусний эсрэг хамтдаа давж гарах хүнд цаг үетэй тулгарлаа. Манай ард түмэн “Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. БНХАУ-ын Ухань хотод гарсан шинэ коронавирусний талаарх анхны мэдээг монголчууд асар хүндээр хүлээн авч хамтдаа шаналж,  хүн бүр хичээн зүтгэж, тэмцэж байна. Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газар, Ухань хотод албан ёсооор тусламж үзүүлэхээ амласан. Иргэд бид Монгол Улс, БНХАУ-ын өмнөд хил Ганцмод, Гашуунсухайтын боомтод ажиллаж байгаа албан хаагч, ажилтнуудад хүргэх зорилгоор энэхүү сэтгэлийн хандивыг цуглуулсан юм” хэмээв.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, “Өвчний тархалт нэмэгдэж байгаа БНХАУ-ын ард түмэнтэй эв санаа нэгдэж эмнэлгийн хэрэгсэл хандивлаж байгаад та бүхэнд маш их талархаж байна. БНХАУ-ын ард түмнийг зовох энэ цагт монголчууд та бүхэн манай ард түмэнд найрсаг, элэгсэг дотноор хандаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Өвчин гарсны дараа Монгол Улсын төр засаг биднийг ойлгож, дэмжиж бидэнтэй эв санаа нэгдэж байгаагаа илэрхийлж манай улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдад хандан илгээлт явуулсан байна. Энэхүү илгээлтээр Хятадын ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсож, өвчинтэй хамтран тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Энэ нь бидэнд үзүүлэх маш том дэмжлэг гэж үзэж байна. БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс Монголын Засгийн газар, Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэв.


Холбоотой мэдээ