Найман тонн нүүрс нийслэлд нэвтрүүлэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-04 14:44:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайхаас 49-47УНМ "North benz" загварын ачааны машины тэвшинд найман тонн түүхий нүүрсийг элсэн дор нууж нийслэлд нэвтрүүлэхийг завдсан иргэн Б-гийн үйлдлийг энэ сарын 1-нд илрүүлэн шалгаж байгаа тухай НМХГ-аас өнөөдөр мэдээлэв. 


Мөн Өлзийт-1 шалган нэвтрүүлэх товчоогоор өчигдөр шөнө нэвтэрсэн 76-00УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Н Тавантолгойн 9 шуудай нүүрс тээвэрлэж явсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлж, нүүрсийг Амгалан дулааны станцад буулгасан байна. 


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах зорилгоор Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолд нийслэлд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ноднингийн тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Холбоотой мэдээ