Б.Баасансүрэн: Цааны нүд өнгөө хувиргадаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2020-02-18 13:15:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 30 орчим жил ОХУ-ын Якутад ажиллаж буй Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын уламжлалын гавьяат эмч Б.Баасансүрэнг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Монголын Хөвсгөл болон Якутын цаа бугын биологийн болон экологийн харьцуулсан судалгааных нь талаар түүнээс сонирхсон юм.


-Та 1992 оноос Якутад цаа бугын судалгаа хийж байгаа. Яагаад энэ амьтныг судлах болов?

-Энэ амьтны тухай таван наснаасаа мэддэг болсон. Анх намайг Д.Дамдин аварга Хөвсгөлд аваачиж байлаа. Би Хөвсгөлийн цаа буга хэдэн төрлийн эмийн ургамал иддэг, дотор эрхтэн, бүтэц, анатоми, бэлчээр гээд бүх талаас нь нарийн судалж хойд тундрийн цаа бугатай харьцуулсан. Олон орны эрдэмтэдтэй хамтарч Якутын зэрлэг цааг анатоми, морфологи, физиологийн талаас нь гүнзгийрүүлэн судалсан.


-Хоёр өөр газар амьдарч буй цаа бугыг харьцуулахад ямар ялгаа байв?

-Хоёр өөр газрын цааны амьдрах биохимийн орон зайд экологийн орчны химийн найрлага, онцлог шинж чанар, тухайлбал хөрсний шинж чанар агрохимийн найрлага, идэш тэжээлийн ургамлын биохимийн онцлог зэргийг харьцуулан судалсан. Ингэхдээ Якутын цаа бугын булчингийн эдийн уургийн агуулга бусад амьтныхаас үлэмж давуу болохыг тогтоосон юм. Цаа бугын тэжээлийн орчин, амьдрах хэв маяг, экологийн орчин нь энергийн эх булаг болсон гликоген ихээр агуулж буй онцлогийг илрүүлсэн. Цаа бугын мах нь ашигт компонентуудыг ихээр агуулах онцлогтой. Энэ ашигт болон эмийн ургамлуудыг бусад амьтнаас илүү хэрэглэдэг болон амьдран буй экологийн орчин, хүйтэнд тэсвэрлэх чадвартай нь холбон үзэж болох юм. Цаа бугын махны илчлэг чанар маш бага буюу 100г∕160ккал, гэтэл түүний хэт давуу тал нь гайхалтай шингээгдэх чадвар, тэжээллэг чанар нь дээд зэрэг байдагт оршдог.

Хойд туйлын Биогеохимийн орон зайн орчинд өсөж үржиж амьдарч байгаа туйлын бүсийн цаа бугын иж бүрэн анатоми, гистологи, физиологи-биохимийн судалгааг анх удаа системтэй явуулснаар аливаа амьтны иж бүрэн судалгааг хийхэд үлгэр жишээ болохуйц өвөрмөц, далайцтай судалгаа хийж томоохон бүтээлүүдээ гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн.

-Ер нь судалгаандаа хэчнээн жилийг зарцуулав. Таны сонирхлыг хамгийн их татаж буй баримтаас дурдана уу?

-Энэхүү судалгааг нийт 25 жил хийж ном гаргасан. Цааны бааснаас эхлээд бүх эд эрхтнийг эмчилгээнд хэрэглэдэг. Цаа буга 350 эмийн ургамал иддэг. Зэрлэг цаа буга үхэр, ямаа шиг өвс ургамлыг зулгааж иддэггүй, харин сугалдаг. Хэрэгтэй эмийн ургамлаа сугалж иддэг гэсэн үг. Би цаа бугаа гурван ихэр тугалтай болгож ч байлаа. Цааны нүд өнгөө хувиргадаг. Тавдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 10-ны хугацаанд нүд нь алтан шаргал өнгөтэй болдог. Есдүгээр сарын 10-наас хойш хойд тундрт гурван сар өдөр болдоггүй шөнөөрөө байдаг. Шөнө, цасны дороос ухаж ургамлаа танин мэдэх үед нүд нь хөх өнгөтэй болдог. Хөх өнгөтэй болохоор цаа өдөр шөнөгүй хардаг гэсэн ойлголтыг би дэлхийд төрүүлээд байна. Миний номууд нээлтийн чанартай, хойxон үеийнхэн, нүдний эмч нарт хэрэгтэй материал бэлдэж өгч байгаа юм. 


Сүүлийн үед нүдний нь талаар нарийвчилсан судалгаа хийж байгаа. Мөн цаа бугын салааны дотор байгаа үс яагаад унадаггүй юм гэдгийг судалж байна. Цаатан улсууд 300 гаруй жил чийг татдаггүй ул хэрэглэж байгаа. Энэ учир нь цааны салаанд байгаа юм.

Зэрлэг цаа махан таргатай, өөхөн таргагүй. Харин тэжээвэр цаа өөхөн тарга суудаг. Цаа буганы хамар, салст нарийн, янз бүрийн вирус бактери нэвтрүүлдэггүй. Цаа буга бас сайн хүнийг мэддэг, муу хүнийг дургүйцдэг, нүүрээ ч харуулдаггүй, сонин байгаа биз. Сайн хүнийг мэддэг гэдэг нь цаа буга сайн хүнтэй ярих гээд байгаа юм шиг зан авир гаргадаг гэсэн үг шүү дээ.

Олон улсын эрдэмтэн сэтгүүлчид, “Цаа буга 50-60 хэмд амьдардаг, ёстой нэг зовлонтой амьтан даа” гэж хэлэхэд нь миний зүрх өвддөг. Хамгийн жаргалын оронд байгаа нь цаа буганууд. Байгалиас бүх зүйл нь заяасан, ёстой унаган төрхөөрөө, цэврээрээ байгаа. Тиймээс годон гутал хөл дааруулахгүй, чийг авахуулахгүй, хүнийг урт наслуулна. “Цаа бугын эд эрхтэн хүнийг урт наслуулна, бурхан тэнгэрийн амьтан” гэж судар номд заасан байдаг.

Хүүхэд төрөхөд манайхтай адил сүүлний годон хөхүүлдэг шиг цааны годон хөхүүлдэг. Мөн цааны хэл тэр чигээрээ витамин. Хэлийг нь хөхүүлж, арьсаар нь ороож, чөмгөөр нь тосолдог. Гурван халбага чөмөг идэхэд өдөр өлсдөггүй.

Цаа бугын шүд завсаргүй байдаг. Ургамал, модыг тугал байхаасаа идэж шүдээ бэхжүүлдэг учир ямар ч завсаргүй. Тиймээс энэ амьтан бурхнаас заяасан амьтан юм.

-Та судалгаагаа хувиараа хийдэг үү. Эсвэл ямар нэг байгууллагад харьяалагддаг уу?

-Би Монгол Улсын ШУА-д харьяалагддаг. Мөн Якутын ШУ-ны академиас цалинждаг. 2003 онд доктор, профессор Д.Амгаланбаатар багшийн удирдлага дор Биологийн Шинжлэх Ухааны доктор цол хамгаалсан.

лс хол 60-70 хэмийн хүйтэн тундрт судалгаа шинжилгээ хийх нь мэдээж бэрх байх. Анх Якутыг хэрхэн зорьж байв?

-Би таван наснаасаа эхлэн Гандан хийдийн мэргэн хамба Гомбожаваар А үсэг заалгасан. Хожим Б.Ринчен багш, “Эрдэмтэн хүн мөр хооронд хоёр хурууны зайтай балын харандаагаар бичдэг юм шүү. Мартаж санаснаа сүүлд нь нэмж оруулдаг юм” гэж зааж өгч байлаа. Энэ агуу эрдэмтэн надад, “Үүнийг оролдоод үзвэл яасан юм” гээд эртний судар өгсөн. Тэгэхэд нь би 4 сар хэртэй оролдоод өгөхөд, “Миний хүү хянуур, буурьтай суурьтай хүн гарах юм байна. Ургамал ногоо сайн үндэстэй бол сайн ургадаг” гэж байсан юм. Залуу насандаа  дугуйн спортын тамирчин байлаа. Тэгээд 1975 оноос IY сургуульд биеийн тамирын багш болсон.
Тэндээсээ УБДС-д элсэж онц сурлагатай оюутны тоонд орсон. Мөн Монголын үндэсний Биеийн тамирын дээд сургуулийг анхлан байгуулалцаж байлаа.
Тэгээд Буддын гүн ухааны судар номд байгаа зүйлийг хойч үеийнхэн, эрдэмтдээ үлдээх зорилгоор 1992 оны намар 46 насандаа анх цаа буга судлахаар Якутад  очиж байлаа. Тэнд 28 жил амьдарч байна. Энэ зун наймдугаар сарын 20-доор миний 70 насны ойг Якутад тэмдэглэх гэж байна. Эх орондоо хоёр удаа үзэсгэлэн гаргалаа.

П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ