Нэг эмнэлгийг суллаж коронавирусний халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлана

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-05 15:53:51
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс өнөөдөр ээлжит бусаар хуралдаж шинэ коронавирусний халдварын сэжигтэй оноштой иргэдийг тусгаарлах, эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар боллоо. 


Хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт зэрэг нэр бүхий боомтод Онцгой комиссын шуурхай ажлын баг ажиллахаар болов. Ажлын хэсэг хилийн боомт дахь хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлтэй танилцан, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг нь хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулах юм. 


Дархан-Уул аймагт түр оршин суух бүртгэлтэй, 31 настай эмэгтэйд халуурах шинж тэмдэг илэрсэн учир тусгаарлаад байна. Тэрээр Тайваньд аялаад өнгөрсөн сарын 30-ны өдөр БНСУ-аас эх орондоо иржээ. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Хилийн хорио тавьснаас хойш 6000 гаруй монгол иргэн хилээр орж ирсэн бөгөөд Замын-Үүд боомтын ачаалал ихсээд байна. Өчигдөр гэхэд л 378 автомашин, галт тэргээр 1000 гаруй иргэн нэвтэрчээ. 2020 оны хоёрдугаар сарын 6-наас хойш 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл монгол иргэдийг зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулах юм.


Үүнээс гадна БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу /H5N1/ гарсан тул тус улсаас гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.


Сүүлийн үеийн мэдээгээр шинэ коронавирусний халдвараар 24539 хүн өвчилж, 491 хүн нас бараад байна.  Иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөв.

Холбоотой мэдээ