Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 407.3 сая төгрөгийг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-10 11:56:35

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 7-ны өдрийн хуралдааны 09 дүгээр тогтоолоор байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтыг баталлаа.

Энэ онд байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг хангах, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах, усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, ойн нөөцийн ашиглалт, аялал жуулчлалын гэсэн таван чиглэлийн 22 ажил, арга хэжмээнд нийт 407.3 сая төгрөгийг зарцуулах юм.


Тухайлбал, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан  болон бичил уурхайгаар зөвшөөрөлгүй олборлолт явуулсан талбайд  нөхөн сэргээлтийг хийлгэх, талбайг хүлээн авах, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгж, байгууллагыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, хохирлыг тооцуулан нэхэмжлэх, нөхөн сэргээх шаардлагатай эвдэрсэн газрын судалгааг гаргах ажил орсон байна. Мөн ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох, булгийн эхийг хашиж хамгаалах, тохижуулах ажлыг зохион  байгуулах, ойд цэвэрлэгээний  ажил хийж, ой ургах тааламжтай орчныг бүрдүүлэх, ойн нөхөрлөл, байгаль орчны хамтын менежменттэй нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих гэх мэт ажлууд багтжээ. 

Холбоотой мэдээ