Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр гуравдугаар байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-12 18:35:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/ 2019 онд улсын хэмжээнд явуулсан төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр Говь-Алтай аймаг гуравдугаар байрт шалгарлаа.


Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 46 дугаар захирамжийн Говь-Алтай аймагт 2019 оны есдүгээр сард явуулсан төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт нийт 183 байгууллагыг хамруулжээ. 

Энэ удаагийн улсын үзлэгээр байгууллагын архивын нөхөн бүрдүүлэлт, баримтын хадгалалт, хамгаалалт, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаа өмнөх улсын үзлэгээс сайжирсан байна. Байгууллагын архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд илүү анхаарч 161 байгууллага архивын програм нэвтрүүлж, баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай техник хэрэгслээр хангаж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд албан хэрэг хөтлөлтийн “И-оффис” цахим системийг нэвтрүүлэн ашиглаж байна.

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус улсын үзлэгээр албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр шалгуулж, нийлбэр дүнгээр 21 аймгаас гуравдугаар байрт шалгарсан байна.


Холбоотой мэдээ