Д.Батсайхан: Увс аймгийн хөгжлийн гарц бол оюуны хөгжил юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Дайвийнямын Батсайхантай энэ дөрвөн жилд аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар ярилцлаа.
Түүнийг аймаг удирдсан энэ он жилүүдэд Увс аймагт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөөр байна.
Тухайлбал, Увс аймаг Улаанбаатар хоттой засмал замаар холбогдож, Улаангом хотын гэр хороолол дунд инженерийн шугам сүлжээ татаж эхэлснээс гадна аймгийн нийгэм, эдийн засгийн салбарт бодитой ахиц дэвшлүүд гарчээ. Тэрчлэн, хөдөө аж ахуйн салбарт олон дэвшил гарч, Тэс хэвшлийн адуу, Өлгийн улаан ямааг үүлдэр болгон батлуулсан, аймгийн мал сүрэг жил бүр таван төрөлдөө өсч байгаа, газар тариалангийн салбарт эргэлт ирсэн гэх мэт олон зүйлийг энд тоочиж болно. Ингээд олныг эс нуршин аймгийн Засаг дарга Д.Батсайханы ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэе.
-Юуны өмнө танд сар шинийн мэнд хүргэе. Энэ
өвөл аймгийн хэмжээнд өнөтэй тарган, сайхан жил болж байна шүү?
-Увс аймгийн ард иргэддээ болон нийт Монголчууддаа сар шинийн мэнд хүргэе. Манай аймгийн хувьд энэ жил дулаахан сайхан жил болж байна. Өвлийн улиралд шөнөдөө 50-55 хэм хүрч хүйтэрдэг байсан бол энэ жилийн хувьд Увсад тийм их хүйтэрсэнгүй.
Өнгөрсөн зун зуншлага сайхан болсон учраас малчид сэтгэл өег байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Засаг даргын албан даалгавар гарч, бүх суманд боломжийн түвшинд хангасан.
Улсын онцгой комиссоос улсын нөөцөд өвс бэлтгэдэг байсныг 2019 оноос эхлээд больсон. Увс аймаг анх удаагаа өвс тэжээлийнхээ нөөц, бэлэн байдлыг өөрсдөө боломжийн түвшинд хангасан. Саяхан Монгол Улсын Шадар сайд манай аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад буцсан. Коронавирус гэх аюултай тахал урд хөршид гарлаа. Энэ дагуу олон улсын хэмжээнд онцгой дэглэм зарлаж, Монгол Улс урд хилээ хааж, өнпөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.
Манай аймаг ч гэсэн Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд
шилжсэн. Онцгой комиссоо удаа дараа хуралдуулж, яаралтай хийж хэрэгжүүлэх ёстой арга
хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
-Аймгийн
Засаг даргаар ажиллаж байгаа энэ хугацаанд таны хийж хэрэгжүүлсэн гол ажлууд юу вэ?
-Намайг 2016 онд ажил авч байх үеийн нөхцөл байдлыг хүмүүс санах хэрэгтэй. Тэр жил Увс аймагт ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй байсан. 2017 онд 4,9 тэрбум, 2018 онд 44 тэрбум, 2019 онд 104 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт манай аймагт орсон.
Энэ тоонуудыг эхний ээлжинд анзаарах хэрэгтэй. 2016 онд улс
орны эдийн засгийн өсөлт 2 хувь руу орчихсон, ямар нэгэн хөрөнгө оруулалтад
гаргах мөнгө байхгүй тийм л аймаг байсан. Дөнгөж л цалингаа өгч цаашдаа эдийн засаг дампуурах уу, эс дампуурах уу гэдэг эгзэгтэй үе байсан. Өнөөдөр зарим хүмүүс Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэггүй
юм шиг яриад байгаа. Гэтэл Валютын сангийн хөтөлбөрт орох асуудал тухайн үеийн
Ерөнхий сайд, Сангийн сайд нарын толгойны өвчин болчихсон байсан шүү дээ.
Миний хувьд ажил авчихаад бүх сум, албан байгууллагуудаас нарийвчилсан судалгаа авч байж үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулсан. Аль суманд сургууль хэрэгтэй байна, аль сумын цэцэрлэгт засвар хийх вэ гэдгийг нарийн тооцсон бөгөөд одоо ч энэ тооцоогоороо явж байгаа.
Өнөөдрийн байдлаар 3 сургууль, 9 цэцэрлэг, 4 эмнэлэг шинээр ашиглалтад орчихоод байна. Мөн сургуулийн дотуур байр 2, спорт заал 6, соёлын төв 6 шинээр баригдсан. Тэрчлэн 12 сургууль, 15 цэцэрлэг, 8 эмнэлэг, 16 дотуур байр, 2 спорт заал, 4 соёлын төвд их засвар хийсэн.
Энэ хугацаанд юу хийсэн бэ гээд харахаар ийм тоо гарч байна. Аймгийн 30-аад сургууль, цэцэрлэгийг засварлаж, шинээр барьсан бөгөөд одоо Увс
аймагт цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ бүрэн хангагдсан. 2016-2017 онд эдийн
засаг хүнд байсан, харин сүүлийн 3 жилд нь гол ажлууд хийгдсэн.
Би 2004 оноос хойш Увс аймгийн удирдах түвшний ажил хийж байна. Дунд нь 2012-2016 онд ажилгүй байсан. Гэхдээ сөрөг хүчний намын даргаар ажилласан. 2004-2008 онд Увс аймагт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил бол Увс аймгийн зүүн талын найман сум өндөр хүчдэлд холбогдсон явдал.
Малчин сум руу өндөр хүчдэл татаж, тэндээс Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумдыг холбосон. Дөргөнөөс Завхан сумыг холбосон. 2008-2012 онд ч гэсэн улс орны эдийн засаг сайн байсан бөгөөд энэ үед Увс аймагт бас багагүй ажил хийгдсэн.
Тухайлбал, Хяргас нуурын хөвөөний 200 км засмал замыг тавьсан. Монгол
Улсын Ерөнхий сайд Сү.Батболд 2010 онд Увс аймагт ажиллах үеэр хүсэлт тавьж, улмаар 2011 оны төсөвт анхны 40
тэрбум төгрөг суугаад энэ замын ажил эхлэж байсан. Үндсэндээ Хяргас нуурын
хөвөөний 200 км зам Увс аймгийн эдийн засаг, ард иргэд, жолооч нарт үнэхээр ач
буянаа өгсөн алтан шар зам болсон.
2016-2020 онд хийгдсэн хамгийн том ажил бол Увс аймаг Улаанбаатар хоттой 1354 км засмал замаар холбогдож, Увсчуудын олон жилийн хүсэл мөрөөдөл биелээд байна. Энд Хяргасын хөвөөнөөс Сонгино чиглэлийн 135 км замын ажил байна. Концессийн гэрээгээр хийгдсэн энэ замын 130 тэрбум төгрөгийг Ч.Хүрэлбаатар сайд янз бүрээр хэлүүлж байгаад 2020 оны төсөвт суулгасан.
Мөн Сонгино-Нөмрөг- Тосонцэнгэл чиглэлийн 165 км засмал замын ажил өнгөрсөн есдүгээр сард дууслаа. Энэ дөрвөн жилийн топ ажил бол яах аргагүй замын ажил.
Би дээр олон жижиг зүйлийн тухай ярьсан. Гэхдээ тэд багцаараа бас жижигдэхгүй. Нэг цэцэрлэгийг засахад ямар их хөдөлмөр, хөөцөлдөлгөө болж байж 300 сая төгрөг олж ирдэг билээ. Тэгэхээр тэр бүгдийг нэгтгэхээр том тоо харагдах байх.
Миний хувьд Улаангомыг хязгаар нутгийн хамгийн орчин үеийн, хүн амьдраад, ажиллаад явах боломжтой, жижигхэн, тохитой гоё хот болгохсон гэж мөрөөдөж явдаг. Энэ агуулгаараа Улаангомын хөрсний бохирдол, агаарын бохирдол, ард иргэдийн ахуйн тохижилт, ахуйн соёлтой холбоотой “Улаангомын дэд бүтэц” гэдэг шинэ төслийг хэрэгжүүлж байгаа.
Дэд бүтцийн ажил маш их өртөгтэй бөгөөд эхний тооцоогоор 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн. Эхний есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2019 онд хийж, ажлаа эхлүүлсэн. 2020 онд дахиад 9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсөвт суулгасан байгаа.
Өөрөөр хэлбэл, 18 тэрбум
төгрөгөөр Улаангомын дэд бүтцийн ажлыг энэ хоёр жилд хийх ёстой. Энэ нь яах
аргагүй хөрөнгө, хүч хөдөлмөр шаардсан ажил. Тухайлбал, манай “Чандмань-Увс” компани Монгол Улсад ховорхон
хийдэг технологийн ажлыг хийж байгаа. Үндсэндээ 8-9 метрийн гүнд газар доогуур
цэвэр усны суваг татна гэдэг бол орон нутагт анх удаа хийгдэж байгаа
технологийн томоохон ажил юм.
-Увс
аймаг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөрөө баруун таван аймгийг тэргүүлсэн гэж сонссон?
-Увс аймаг 2016, 2017 онд ДНБ-ний өсөлтөөрөө баруун таван аймгийнхаа дунд нь буюу гуравт байсан. 2018 онд аймгийн ДНБ 388 тэрбум төгрөг болж, баруун таван аймгаа тэргүүлсэн. Баруун бүсдээ тэргүүлнэ гэдэг бага амжилт биш. Манай аймгийн эдийн засагт нөлөөлөөд байгаа томоохон уул уурхай байхгүй.
Ховдод Хөшөөтийн уурхай гээд зөвхөн аймагт нь гэхэд 2 тэрбум төгрөгийн уул уурхайн ашиг өгдөг том уурхай ажиллаж байна. Завхан аймагт алтны том уурхай Дөрвөлжин суманд ажилладаг. Гэтэл манай аймгийн эдийн засагт хөдөө аж ахуй, аялал жуулчлал буюу үйлчилгээний салбар голлох нөлөө үзүүлж байгаа. ДНБ-ний өрсөлдөх чадварын судалгааг олон улсын төрийн бус байгууллага хийдэг болсон. Биднээс ямар ч хамааралгүй, хараат бус, 180 гаруй үзүүлэлтээр дүгнэдэг, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой судалгаа хийдэг болсон байна лээ.
Энэ судалгааны дүнгээр Увс аймаг 2016 онд 11-т байсан бол 2019 онд 9 рүү орж ирсэн. Нэг жишээ хэлэхэд, 2015 онд Увс аймгийн ард иргэдийн хадгаламжийн тоо 60 тэрбум байсан бол 2019 онд 116 тэрбум төгрөг болж өссөн байна лээ. Гурван жилийн дотор хадгаламж бараг хоёр дахин өснө гэдэг бол иргэдийн амьдрал тодорхой хэмжээгээр ахиж буйг илтгэж байгаа. 2015-2016 онд хүмүүс Улаанбаатарт авсан байраа буцаагаад зардаг, жийпээ жижиг машин болгох хандлага руу орсон.
Одоо хүмүүс эсрэгээрээ
Улаанбаатарт байр авч, унаа машинаа сайжруулж байна. Бас дээр нь хадгаламж өснө
гэдэг чинь хөдөлмөр хийсэн хүн үр шимээ хүртэж байгаа хэрэг.
-Манайд
аялал жуулчлалын салбар хөгжих ямар боломж байгаа вэ?
-ОХУ-тай 600 км газар нутгаар хиллэдэг, аймгийн төв нь хилээсээ 100 км-т оршдог гээд манай аймагт олон давуу тал бий. ОХУ-ын Тува, Хакасс Улстай харилцаа холбоотой байж, хэрэгтэй цагт хэн хэндээ дэм тус болж, хамтарч ажилласны үр дүн гарч байгаа.
Би 2008-2012 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа аймгийн “Аялал жуулчлалын хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулсан. Тувагийн Алтанбулаг гээд жуулчны баазаас явж туршлага судлан, зураг төсвийг нь тус улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оолоос авч, Увс нуурын хөвөөнд тэр загвараар жуулчны бааз байгуулж байлаа.
Өнгөрсөн гурван жилийн тухайд хойд хилд ойрхон давуу талаа ашиглаад аялал жуулчлалын салбар хөгжиж, бодитой үр дүнгээ өгсөн. 2016 онд би ажлаа хүлээн аваад холбогдох хүмүүсээ дагуулаад Новосибирск хотноо болсон Монгол-Оросын эдийн засгийн форумд очиж оролцсон.
Тэндээсээ Томск, Хакасс, Тувагаар дамжаад ирсэн. 2016 оны намар ОХУ-ын Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оолтой бүс нутгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал болон бусад салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулсан.
Энэ ажлын үр дүнд Тувагийн иргэд Увс аймаг руу олноор зорчих болсон. Мөн Улаангомд ирж худалдаа наймаа эрхлэх нь эрс нэмэгдсэн. 2017 онд Боршоогийн боомтоор ОХУ-ын 30-аад мянган иргэн орж нэвтэрсэн бол 2018 онд 40 мянга, 2019 онд 45 мянга гаруй хүн орж гарсан.
Жилд 40 гаруй мянган хүн хилээр орж ирж худалдаа
наймаа хийж, дээр нь буудалд байрлан ресторон, цайны газраар үйлчлүүлнэ гэдэг
бол аймгийн эдийн засагт маш их хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Иргэдийн
хадгаламж, хурамтлал өсөхөд энэ нь яах аргагүй нөлөөлсөн байх.
-Увс
аймаг “Монгол Улсын Шилдэг аймаг” болоход юу нөлөөлсөн бэ?
-Жилийн ажлаараа Увс аймаг эхний тавд жагсаж, бусад аймгуудыг тэргүүлж байсан тохиолдол сүүлийн хэдэн жилд байсныг мэдэхгүй. 2018 оны ажлаараа Увс аймаг Монгол Улсын шилдэг 5 аймгийн нэг болоход бидэнтэй хамт Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Орхон аймаг шалгарсан.
Уул уурхай хөгжсөн хоёр аймаг, дээр нь Монголын хоёр том хот байгаа биз. Энэ дунд Увс аймаг хавчуулагдана гэдэг бол Увсчуудын олон жилийн хөдөлмөрийн үр шим, бас хичээж ажилласны үр дүн.
Мөн 2018 онд анх удаагаа арвин ургац авсан, мал сүрэг таван төрөлдөө өссөн нь нөлөөлсөн байх. Үүнээс гадна шилдэг аймаг болоход хэлтэс, агентлагуудын ажлын үзүүлэлт, үр дүн бас чухал юм билээ. 2018 оны ажлаараа манай аймгийн 9 агентлаг Монгол Улсын хэмжээнд эхний гуравт орсон.
Есөн байгууллага улсдаа тэргүүлж, эхний гуравт шалгарна гэдэг үнэхээр Увс
аймгийн маань төрийн байгууллагууд хичээж ажиллаж буйг л харууллаа. Түүнээс биш
Монгол Улсын хэмжээнд эхний гуравт орно гэдэг тийм амар бүтэх ажил биш. Ийнхүү
энэ бүх амжилтын хүчээр Увс аймаг “Монгол Улсын Шилдэг” аймаг болсон.
-Энэ
дөрвөн жилд гадаадын элчин сайдын яамд болон томоохон төсөл, хөтөлбөрийн
байгууллагуудтай ихээхэн хамтарч ажилласан. Ингэхэд Увсад олон элчин сайд ирсэн үү?
-Төсөв тааруу байсан 2016, 2017 онд яая даа гэж бодсон. Тэр үед хамгийн түрүүнд гадаадын элчин сайдын яамд, олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд л нүдэнд харагдсан.
Энэтхэг, Америк, Солонгос, Япон, Турк, Английн элчин сайдууд, Швейцарийн Их хурлын дарга, Хятадын гадаад харилцааны сайд гэх мэт олон томоохон зочдыг бид аймаг орон нутагтаа урьсан. 2017 онд Олон улсын валютын сангийн 50 гаруй төлөөлөгчийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Увс аймаг хүлээж авсан.
Манай улсыг Олон улсын валютын сангийн хөтөлбөрт оруулахад Увс аймаг тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулсан л гэж би бодож явдаг. Мөн Турк Улсын Тика олон улсын байгууллага, Японы Жайка байгууллага, Солонгосын Койка байгууллагын төлөөлөл ирсэн.
Энэ бүхний үр дүнд жилд 2-3 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдсэн. АНУ-ын ЭСЯ-ны шугамаар хүүхдийн цэцэрлэг барих судалгааны ажил дуусч, энэ онд баригдахаар боллоо. Солонгосын Койка байгууллага Увсад байсан бүх хүмүүсээ буцаагаад татчихсан байсныг хоёр жил хөөцөлдөж байж эргүүлж авсан.
Одоо сайн дурын 4 ажилтан ирээд ажиллаж байна. Дахиад ч хүмүүсээ нэмэгдүүлэхээр судалгааны баг ирнэ. АНУ-ын Элчин сайд ирээд олон улсын сайн дурын ажилтнуудынхаа тоог нэмээд явсан. Эдийн засаг хүнд байхад энэ хүмүүс үнэхээр их тус нэмэр болсон. Гадаадын хүмүүс Увс аймагт ажиллана гэдэг бол тодорхой хэмжээний туршлага, технологи, хэлний мэдлэг зэргийг үлдээгээд явж байгаа.
Иймээс олон улсын төсөл, хөтөлбөрийг бид сайн ашигласан. Сүүлийн үед олон улсын аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагаанд бид оролцож, манайх бол Дэлхийн өвд орсон Увс нууртай, онгон дагшин байгальтай, ардын урлагийн өв соёл ихтэй аймаг хэмээн орон нутгаа сурталчлаад явж байгаа.
Энд нэг зүйлийг онцлоход Францын элчин сайд чацарганыг Европын холбоонд Увс аймгийн газар зүйн заалтад оруулчих юмсан гээд сүүлийн 10-аад жил хөөцөлдөөд явж байгаа. Газар зүйн заалт гэдэг нь ямар агуулгатай вэ гэхээр тухайн бүтээгдэхүүнийг хэлэхээр гарал үүсэл нь хаана юм гэдгийг шууд гаргаж ирдэг зүйл.
Чацаргана гээд дэлхийн аль ч
өнцгөөс интернэтэд бичээд ороход түүний эх нутаг нь Монгол Улс, тэр дундаа Увс
аймаг юм гээд гарч ирэх ёстой юм байна. Энэ асуудал олон улсын
байгууллагын хурлаар нь ороод баталгаажчихвал Увс аймаг чацаргана гэдэг
бүтээгдэхүүний эх нутаг болно гэсэн үг. Энэ нь бүтвэл бидэнд маш их хэрэгтэй
зүйл болно.
-Энэ
дөрвөн жилд аймгийн боловсролын салбарт ямар дэвшил гарсан бэ?
-Увс аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтуудын 50-иас илүү хувь нь шууд боловсролын салбар луу орж байгаа. Хэчнээн хязгаар нутаг ч гэсэн хүүхэд багачууд маань хамгийн ая тухтай, тохилог, цэвэрхэн орчинд сурч хүмүүжиж, амьдрах ёстой гэж үзээд сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал нэг бүрийг бид засч тохижуулан, заримыг нь шинээр барьсан. Үүний үр дүнд хүүхэд багачууд, багш сурагчид маань биднийг баярлуулсан дүн мэдээг үзүүлсээр байгаа.
2017 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор Увс аймаг улсын хэмжээнд есдүгээр байрт орж байсан юм билээ. 2018 онд хоёрт, 2019 онд нэгд орсон. Гэхдээ дахиж үнэлээд тавд орлоо гэсэн.
Монгол Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор эхний тавд орно гэдэг бага амжилт биш. Тиймээс боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч байгаа гэж ойлгодог. Бас малчны хүүхдийг дотуур байрандаа ая тухтай орчинд суралцах, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн.
Одоо
багш нар маань илүү сайн ажиллаж, сургалтынхаа чанарыг сайжруулах, хүүхдүүд
маань хичээх л үлдсэн. Түүнээс биш тэр сургуульд засвар хиймээр байна, тэнд
цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэдэг асуудал ард хоцорсон.
-Эрүүл
мэндийн салбарын тухайд?
-Эрүүл мэндийн салбар манай аймагт хүнд шүү дээ. Сэтгэл эмзэглүүлсэн эрүүл мэндийн олон хүнд үзүүлэлт бий. Жишээлбэл, хавдар, халдварт өвчин гээд олон үзүүлэлтээр Увс аймаг улсын хэмжээнд хамгийн хойно явдаг. Мөн дундаж нас баралтаар хойноосоо хоёрт байдаг.
Өнгөрсөн оны 4 дүгээр сард Увс аймагт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо хийхдээ “Увс аймагт эрдэмтдийн оролцоо” гэдэг эрдэм шинжилгээний бага хурлыг Сангийн яамтай хамтарч хийсэн. Энэ үеэр аймгийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, голлох өвчлөлийн талаар эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн судалгааны багийг урьж илтгэл тавиулсан.
Тухайлбал, Эрүүл мэндийн шинжлэх ухааны академич, гавьяат эмч, Сагил сумын харьяат н.Сайжаа, Дэлхийн топ мэс засалч, гавьяат эмч н.Сэргэлэн нарын манай аймгаас төрсөн шилдэг эмч нар ирж илтгэл тавьсан. Энд хэд хэдэн ноцтой дүгнэлт гарсан.
Нэгдүгээрт, цаг агаарын нөхцөл байдал Увс аймгийн ард иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байна гэсэн. Хэт их халах, хэт их хүйтрэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм байна. Хоёр дахь нь давсны хэрэглээнээс болж байгаа гэсэн.
Бусад аймгийнхан давсгүй цай уудаг, энэ нь зөв юм байна. Увсчууд зөвхөн цайгаа давсгүй уучихвал зүрх судасны өвчний 25 хувь нь багасна гэж ярьж байсан. Тэгэхээр зэрэг бид эрүүл мэндээрээ дэнчин тавьж байж давсыг хэрэглээд байгаа. Давсаар баян гэсэн шиг нуурын давс, чулуун давс их хэрэглээд байж болохгүй юм билээ.
Иймээс эрүүл мэндийн салбарын эрдэмтэн мэргэд хаана байна, тэднийг урьж ирүүлэн маш нарийвчилсан судалгаа хийлгэх хэрэгтэй. Бас дээр нь манайхны хэнэггүй зангаас болж янз бүрийн эндэгдлүүд их гардаг. Эрүүл мэндийн гол үзүүлэлтүүдийн нэг нь 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл.
2016 онд манай аймагт 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 55 байсан бол 2017 онд 44, 2018 онд 38, 2019 онд 34 болж буурсан. Эндээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд маань хийх ёстой ажлаа хийсэн гэж дүгнэх хэрэгтэй. Энэ дөрвөн жилд найман эмнэлэгт засвах хийж, 4 эмнэлэг шинээр барьсан гэж би дээр хэлсэн.
Дээр нь аймгийн
төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг 2020 оны эхний хагас жилд ашиглалтад орно.
Хүүхдийн өвчлөл, томуу, эндэгдэл ихтэй гэдэг үүднээсээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх
2019 онд Увсад ирэхэд бидэнд 50 ортой хүүхдийн эмнэлэг яаралтай барьж өгөөч
гэсэн ганцхан хүсэлт тавьсан. Ерөнхий сайд энэ асуудлыг газар дээр нь шийдсэн
бөгөөд одоо баригдаад явж байгаа.
Үүнээс гадна Ч.Хүрэлбаатар сайд Азийн хөгжлийн банкны төслөөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт өргөтгөл барих 3,8 сая доллар буюу 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хөөцөлдөж ажил хэрэг болгож байгаа.
Энэ онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Боршоогийн боомтыг олон улсын боомт болгох төсөл хэрэгжинэ. Нийтдээ 10 орчим сая доллар буюу 27 тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэ төсөл хэрэгжсэнээр Увс аймаг руу ОХУ-аас орж ирэх урсгал нэмэгдэнэ.
Дээр нь аймгийн “Аялал жуулчлалын хөтөлбөр”-тэй уялдуулаад бид нар
нисэх онгоцныхоо буудлыг олон улсын зэрэглэлтэй болгож байгаа. Увс аймгаас
гадаадын улс руу шууд нислэг үйлддэг болгохоор сүүлийн хоёр жил уйгагүй
хөөцөлдөж байна. 2020 онд ажил нь эхлэх байх гэсэн горьдлого бий.
-Тэсийн адуу, Өлгийн улаан ямааг үүлдэр болгож батлууллаа. Ингэхэд аймгийн
хөдөө аж ахуйн салбарт ямар ахиц дэвшлүүд гарсан бэ?
-Манай аймгийн эдийн засгийн гол тулгуур нь мал аж ахуй. Тиймээс энэ салбарт түлхүү анхаарах хэрэгтэй. Ямартай ч Увс аймгийн мал эрүүл гэж олон улсад зарлагдсан нь бид махаа гадагшаа гаргах нөхцөл боломжийг бүрэн хангаж өгсөн. Одоогийн байдлаар Увс аймгийн малын мах Иран, ОХУ, Хятад, Казакстан улс руу гарч байна.
2019 онд Увс аймаг анх удаагаа нэг сая төл хүлээн авсан. Саяхан болсон жил эцсийн мал тооллогоор аймгийн мал сүрэг таван төрөлдөө 100 мянгаар л өссөн байна лээ. Тэгэхээр малчид маань борлуулалт сайн хийж байна гэсэн үг. Энэ нь их зөв үзүүлэлт.
1993 онд Цэрэнбат сайдын аав Д.Намсрай дарга аймгийн Засаг дарга байхдаа Өлгийн улаан ямаа, Тэсийн адууг үүлдэр болгох ажлыг эхэлсэн юм билээ. 1996 онд Өлгийн улаан ямаа омог болж батлагдсан, түүнээс хойш үүлдэр болгоно гэж 30-аад жил хөөцөлдсөн.
Хамгийн олзуурхууштай нь манай аймгийн малчид Өлгийн улаан омгийн ямаа, Тэс хэвшлийн адуугаа яг тэр чигээр нь хадгалж ирсэнд онцлог байгаа. Ямартай ч, 2019 онд энэ хоёрыгоо үүлдэр болгон батлуулж чадлаа. Буянт таван хошуу мал сүргийн маань гурав нь нутгийн шилдэг үүлдэр болно гэдэг үнэхээр сайхан.
Баяд омгийн хонийг социализмын үед гавьяат
Сономпил гуай үүлдэр болгоод батлуулчихсан байдаг. Одоо энэ гурван үүлдрийг
бусад аймаг руу нутагшуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлууд хийгдээд
явах байх. Тэс хэвшлийн адуу 50 хэмийн хүйтэнд уналагад эдлэгдээд, өсөөд үржээд
явна гэдэг бол үнэхээр ховор тэсвэртэй мал гэдгийг харуулж байгаа.
Манай хөдөө аж ахуйн салбарын хоёр дахь гол салбар нь газар тариалан. 2018 онд 20 гаруй мянган тонн, 2019 онд 27 мянган тонн улаан буудай хурааж авлаа. 1993 оноос хойш 26 жилийн дараа л ийм их арвин ургац авч байна.
Газар тариалан эрхлэгчдийн маань олон жилийн хөлс хүч, хөдөлмөр үр шимээ өглөө. Тариаланчид маань өнгөрсөн хугацаанд олон удаа ургац алдаж, техник технологи, үрийн хувьд хоцрогдолд орсон байсан. Газар тариалангийн салбар Увс аймагт сэргэнэ гэдэг баруун таван аймагт газар тариалан сэргэж байна гэсэн үг.
ХХААХҮЯ-наас бидэнд онцгойлон баяр хүргэж байгаа. Энэ онд 10000 тн элеваторын асуудлыг яамнаас шийдэж өгөхөөр болсон. Дээр нь манай тариаланчид газар тариалангийн салбарт бодитой хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Тухайлбал, услалтын системүүдийг сэргээж байна, сүүлийн үеийн шинэ техник технологиудыг оруулж ирж байна.
Одоо харин малын тэжээлийн таримлын асуудлыг ярих ёстой. Царгас гэдэг ургамлыг Увс аймаг 1800 га-д тариалж байгаа. Энэ бол манай ард түмний бүтээж байгаа нэг том баялаг. Увсын хотгорын энэ их хүйтнийг мал сүрэг маань царгасын хүчээр давдаг гэхэд хилсдэхгүй.
Царгас нь уургийн агууламж өндөртэй, нэмэлт тэжээл. Үүнийгээ харин
бид судлаад, боловсруулаад, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага өнөөдөр
тулгарч байна. Манай аймгийн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд царгасыг Увс
аймгийн брэнд бүтээгдэхүүн, хөтөлбөр болгож аймгийн хурлаар оруулж ирэх
шаардлагатай.
-Малын
гаралтай түүхий эдийг үнэд оруулах боломж бий юу?
-Малын гаралтай түүхий эдийг боловсруулах тал дээр Монгол Улсын хэмжээнд бодлого алдагдчихаад байна. Үүнийг иргэд ч шүүмжилж байгаа. Засгийн газар “21 зуу” гээд хөтөлбөр хийж, аймаг болгонд 2-3 үйлдвэр байгуулна гэсэн. Хийж чадаагүй зүйлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Жижиг дунд үйлдвэр дээр ажил хийж чадаагүй. ЖДҮ-гийн хэрэг энэ тэр гээд төсөв нь ч багасаад явчихсан. Өнгөрсөн жил манай аймагт нэг тэрбум төгрөгийн зээл ирсэн. Үүнээс цагаан ултай гутлын үйлдвэр, цехүүд ихээхэн дэмжлэг авсан байх. Увсын цагаан ултай гутлыг Өвөр монгол, Тува гээд гадагшаа их сонирхдог болж, маш их хэмжээгээр захиалж байна.
Харин манай жижиг дунд
үйлдвэр эрхлэгчид маань цагаан ултай гутлаа улам хөгжүүлж, өнгө үзэмж, хийц
эдэлгээг нь сайжруулах ёстой.
Манай аймгийн Хүнсний үйлдвэрийн
бүтээгдэхүүнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Шинэ нэр төрлийн
бүтээгдэхүүнийг их гаргаж байна. Цаашдаа чацаргана тариалагчид маань томоохон
үйлдвэртэй болох, бүтээгдэхүүнийг олон улсад гаргах тал дээр нэгдэж нийлээд
ажиллах хэрэгтэй. Мөн орчин үеийн шаардлага хангасан гурилын үйлдвэр Увс аймагт
хэрэгтэй байгаа.
-Ингэхэд
таны үйл ажиллагааны хөтөлбөр хэдэн хувийн биелэлттэй байгаа вэ?
-Оны өмнө хуралдсан аймгийн ИТХ-аар үйл ажиллагааны хөтөлбөрийг маань 94 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн. Өндөр дүгнэлт гарсан гэж би хувьдаа боддог.
Хэрэгжүүлэх шаардлагатай, эрчимжүүлэх ажлууд бас бий. Тухайлбал, зүүн талын сумд руу буюу Баруунтурууны чиглэлд засмал зам тавина гээд мөрөөдлийн чанартай зүйл суулгачихсан. Мөн хонины ноос угаах, ээрэх үйлдвэр байгуулна гэх мэт хэрэгжүүлж чадаагүй ажлууд бий.
Ер нь Увс аймгийн зүүн чиглэлд авто зам хэрэгтэй. Тэс, Хяргас, Малчин, Зүүнговь гэх мэт долоон сумын дундуур Баруунтурууны чиглэлд засмал зам тавих юм. Энэ замыг зөвхөн Баруунтурууны зам гэж ойлгож болохгүй. Увс аймаг газар зүйн байршлын хувьд тээвэр ложистикийн том огтлолцол дээр байгаа.
Европ тивийг Ази тивтэй холбох, өөрөөр хэлбэл орос-хятад хоёрыг холбох авто зам манай аймгаар дамжиж өнгөрнө. Оросууд энэ зураглалаа хийж байгаа. Дээр нь Красноярскаас Тува руу төмөр зам тавьж, Тувагийн нүүрсний том бассейн эргэлтэд ороод хятад руу гарахаар бол төмөр зам нь Цагаантолгойн заставаар дамжих магадлалтай.
Цагаантолгойн застав нь Баруунтурууны цаад талд, Завхан аймаг, манай аймаг хоёрын зааг дээр байдаг боомт л доо. Цагаантолгойн застав ирээдүйд оростой харилцах том боомт болох тул энэ чиглэлийн замын асуудлыг одооноос ярьж байх ёстой.
Тийм учраас Азийн хөгжлийн банкнаас хийгдэж
байгаа судалгаанд энэ замын асуудлыг оруулсан. Ямар ч байсан Тээлээс зүүн
тийшээ засмал замын ажлын эхлэлийг байг
гэхэд зураг төсвийг нь хийгээд үлдээх бодол бий.
-Та
өмнө нь аймгийн ИТХ-ын даргаар найман жил ажиллахдаа баруун бүс нутгийн газрын
хэвлий бол Монгол орны ирээдүйг тэжээх үүц гэж үзээд уул уурхайн салбарыг
төдийлөн дэмждэггүй байсан. Өнгөрсөн дөрвөн жилд энэ байр суурин дээрээ байж
чадсан уу?
-Би 2004-2012 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллахдаа уул уурхайн салбарыг дэмжээгүй. Яагаад гэвэл, Увс аймагт уул уурхайн дэд бүтэц хөгжөөгүй, зах зээл байхгүй. Хэн худалдаж авах юм, ямар тээврээр явж очих юм гэдэг нь хараахан тодорхой биш байгаа.
Хоёр дахь зүйл нь уул уурхайн салбарын эрх зүйн харилцаа боловсронгуй биш. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт асар их буруу зүйлүүд явагддаг тул дэмждэггүй. Нэг алтны компани орж ирээд алт хайж байгаа нь энэ гээд байгаль дэлхийг сүйдлээд хаячихдаг.
Увс аймагт тийм туршлага бий. Түргэн
суманд алт ухаж байна гээд баахан газар сэндийчээд хаячихсан. Тэр ул мөр нь
одоо ч хэвээрээ байгаа бөгөөд нөхөн сэргээлт хийгдээгүй. Тариалан, Өмнөговь
сумын нутагт ч адилхан дүр зураг бий. Иймээс өнөөдөр ч гэсэн энэ байр суурь
дээрээ яг хэвээрээ байгаа.
Би аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга байхдаа “Чацаргана” хөтөлбөрт ихээхэн ач холбогдол өгч ажилласан. Энэ хөтөлбөр маань үр дүнгээ өгч, Монгол Улсын хэмжээний хөтөлбөр болсон. Дараа нь, Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах ажлыг Увс аймгаас анх эхлүүлж байлаа.
Хурлын дарга
байхдаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн урилгаар явж туршлага судалж байлаа.
Тухайн нутгийн иргэд л байгаль орчноо хамгаалдаг юм байна гэсэн ойлголтыг
дэлхий даяар авчихсан байсан учраас үүнийг орон нутагтаа ирээд хэрэгжүүлсэн.
Энэ ажил маань одоо ч гэсэн хэрэгжээд явж байгаа. Мөн нутгийн иргэдэд
түшиглэсэн ан агнуурын ажлыг Монгол Улсад манай аймаг анх нэвтрүүлсэн.
Увс аймаг 2016 онд 255 хайгуулын болон ашиглалтын лицензтэй байсныг 123 болгож бууруулсан. Өөрөөр хэлбэл, бид энэ хугацаанд лицензийн тоог бараг хоёр дахин бууруулж, цуцлаад байна. Дахиад ч цуцлах хэрэгтэй байгаа.
Манай аймагт байгалийн баялаг хангалттай байдаг юм шиг санагдсан. Гэхдээ энэ байгальд уул уурхайн том үйлдвэрлэл хөгжвөл эргээд байгаль орчноо сүйдэх эрсдэлтэй. Олон нууртай, олон том голтой тул байгаль нь их эмзэг.
Ард түмэн нь ч гэсэн байгальдаа өчүүхэн төдий юм хүргүүлэх хүсэлгүй. Увс аймагт уул уурхайн хайгуул, ашиглалт явуулбал ард түмэн нь маш их эсэргүүцнэ. Өвөрмонголд бол ард түмэн нь энд уурхай нээгээд өгөөч гэж ярьдаг гэсэн. Манай говийн аймгийн иргэд уул уурхайг ойлгодог, түүнээс үр шимийг нь авдаг болохоор дэмждэг.
Гэтэл манай аймгийн иргэд эсрэгээрээ дэмждэггүй. Хууль эрх зүйн орчин нөхцөл нь таатай болсон үе ирвэл аяндаа уул уурхай Увсад хөгжих байх. Гэхдээ хариуцлагатай, тооцоо судалгаатай, байгаль орчиндоо сөрөг нөлөө байхгүй уул уурхай хөгжих ёстой.
Энэ дөрвөн жилд уул уурхайг дэмжихгүй гэсэн нэрээ би авсан. Бас уул
уурхайгаас татгалзсан аймаг болно гээд зарлачихсан тал бий. Дээр нь алтны ямар
ч уурхай ажиллуулахгүй 4 жил болчихлоо. Одоо миний дараачийн хүмүүс уул уурхайн
тал дээр зөв бодлого бариад яваасай.
-Айлын
хаалгаар мөнгө оруулсан уу? гэдэг асуултыг өмнөх Засаг даргаас аймгийн ИТХ-ын
төлөөлөгчид их асуудаг байсан. Оны өмнө хуралдсан аймгийн ИТХ-ын нэгдсэн
хуралдаан дээр танаас бас асууж байна лээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тэр тийм юм хийсэн, бид ийм юм хийсэн гэдгийг нэг их шүүгээд тооцоод байх шаардлагагүй. 2015 онд Увсчууд 60 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан бол 2019 онд 116 тэрбум төгрөгийн хадгаламжтай болж, бараг хоёр дахин өссөн.
Тэр урд талын 60 тэрбум төгрөг гэдэг чинь Увсчуудын хэдэн жилийн хөдөлмөр юм бүү мэд. Ихэнх нь зээлтэй байгаа энэ үед хадгаламж нэмэгдэнэ гэдэг энэ хугацаанд иргэдийн амьдралд өөрчлөлт гарсан гэсэн үг.
Зээлээ
төлсөн, илүү мөнгөтэй хүн л хадгаламжиндаа мөнгө хийх байх. Түүнээс биш мань
мэт шиг амьдралдаа хадгаламжтай байж үзээгүй хүн бол үүнийг ойлгохгүй. Энэ
дөрвөн жилд айлын хаалгаар мөнгө оруулсан уу, үгүй юу гэдэг дээр 2020 оны 10 дугаар
сард үнэлгээгээ тавиулах байх.
-Сүүлийн
10 гаруй жилд аймаг орон нутгийг толгойлж байгаа хүний хувьд та Увс аймгийн
хөгжлийн гарцыг ямар байдлаар харж байна вэ?
-Увс аймгийн ард түмэн ажилласаг, хөдөлмөрч ард түмэн. Миний хувьд найман жил Хурлын дарга, дөрвөн жил Засаг дарга, нийтдээ 12 жил энэ хүндтэй албыг хашина гэдэг нэр төрийн хэрэг.
Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх гээд суут удирдагч нарыг
төрүүлсэн ард түмэн шүү дээ. Энэ агуу
ард түмнийг удирдана гэдэг миний амьдралд тохиолдсон ховорхон боломж гэж үзээд
энэ ажлыг залбирч хийж байгаа.
Увс аймаг ирээдүйд сайхан хөгжинө. Бүс
нутгийг дамжин өнгөрөх зам баригдах асар том боломж байна. Уул уурхайн асар их
нөөцөө ашиглаад хөгжих боломж байна. Тэгэхдээ Увс аймгийн гол хөгжил бол оюуны
хөгжил юм. Боловсролтой хүүхэд, залуучуудаа бэлтгээд байвал Увс аймаг улам л
хөгжөөд байна.
Увс аймагт төрж өссөн хүн хэзээ ч Увсыг мартдаггүй. Энд ирж үзээгүй, аав, ээжийн нутаг гэж боддог хүмүүс хүртэл Увсыг шүтэж биширч амьдарч байгаа. Увс аймагт ойрын 10 жилд юу хийх, яаж хөгжих вэ гэдэг бодлогоо бид эрдэмтдийн оролцоотой хийчихсэн.
Увс аймагт хамгийн сайхан ирээдүй байгаа. Тэр дундаа, Улаангом бол хүмүүс ирж аяладаг, амардаг, хоггүй, цэвэрхэн, ногоон хот байх ёстой. Манай аймгийг үзэх гэж гадаад байтугай, монгол хүмүүс өөрсдөө мөрөөдөж байна. Одоо бид Улаангомын дэд бүтцийн ажлыг эрчимжүүлж, утаа, хөрсний бохирдлын асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй.
Сүүлийн үед манай хэвлэл
мэдээллийн залуучууд Увс аймгаа хангалттай сурталчилж байна. Хүний хөл
хүрээгүй, онгон байгалийн зургийг манай П.Баттогтох, Д.Баттулга нар өөрсдөө явж
зургийг нь аваад дэлхийд цацаж байна. Увс аймгийн онгон дагшин, эрс тэс уур
амьсгалтай байдлыг дэлхийн хүмүүс сонирхож байна.
Саяхан болсон олон улсын хурлын үеэр хамгийн сүүлд би аймгаа танилцуулсан. Гэтэл тэр хүмүүс шуугилдаад миний яриаг бараг сонсохооргүй санагдсан. Тэгэхээр нь зэрэг би олон юм ярихгүй, тавхан минутад багтаая гэчихээд, манай аймаг хөрсөндөө -55 хэм хүрч хүйтэрдэг юм.
Гэхдээ өчигдөр би -48 хэмийн хүйтнээс ирлээ гэсэн чинь л тэнд байсан хүмүүс сэрхийгээд явчихсан. Тэр танилцуулгын дараа хэд хэдэн хүн танай аймгийг очиж үзье, хэдийд нь тийм хүйтэн болдог юм, -50 хэмийн хүйтэнд хүн яаж амьдардаг юм гээд их сонирхож байсан.
Энэтхэгт 110 жилд байгаагүй хамгийн хүйтэн өвөл энэ
жил болж, 10 хэмийн халуунд хүмүүс хөлдөж үхсэн гэж ярьж байсан. Тэгэхээр -50
хэмийн хүйтэнд хүн амьдраад байгааг тэд гайхах нь аргагүй л дээ.
-Сонгуулийн
жил болохоор янз бүрийн “Бор шувуу” түрүүчээсээ нисч байж болох. Таныг
тендэрийн 10 хувийг авдаг гэсэн яриа гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өө яахав, хүмүүс өөрсдийнхөөрөө л ойлгоно шүү дээ. Намайг муухай харагдуулах, өөлж шоолох оролдлого аль хэдийн эхэлчихсэн.
Янз бүрийн гүтгэлэг, гүжирдлэгийг давж байж л энэ ажлыг хийнэ. Түүнээс биш цахим орчин дахь хэл амнаас айвал юу ч хийхгүй байж байгаад дөрвөн жилийг дуусгана. Зүгээр байгаад байвал Батсайхан ёстой юу ч хийхгүй, зүгээр л өрөөндөө ороод зангиатай суугаад байна гэх биз.
Ер нь, хийх ёстой юмаа хийсэн шиг хийчихээд төрийн албыг өгөх цагт нь нэр төртэй өгье гэж бодож байгаа. Увс аймаг жижигхэн шүү дээ. Батсайханд 10 хувийг нь өгчихөөр дор нь ажил авчихдаг юм гээд бүгд л шуугичихна. Намайг янз янзаар яриад зураад эхэлчихсэн байна лээ.
Гэхдээ зурдаг хоёр л хүн байдаг юм. Хэн зурж байгаа, хэн нийлүүлж байгаа нь ч тодорхой. Ард түмэн бүгдийг ялгаж салгадаг болсон. Зөв шүүмжлэл байвал хүлээж авна, гүтгэлэг байвал цагдаад өгөхөөс өөр арга байхгүй.
Надад тэр намайг тэгээд хэлчихлээ гээд түүний араас хөөцөлдөөд
явах хүсэл байдаггүй. Хамгийн гол нь нууц хаягнаас нүүрээ нууж байгаад бичдэг
нөхөд л хүн гүтгэдэг болохоос биш ил шүүмжилдэг хүмүүс бол өөр шүү дээ.
-Миний
асууж амжаагүй, таны хэлэхийг хүссэн зүйл байна уу?
-Коронавирусний халдвар гэдэг хүнд өвчин гарсан энэ цаг үед хүн бүр өвчнөөс урьдчилан сэргийлж, өөрөө өөрсдийгөө болон гэр бүлээ халамжлаад хорио цээрийн үеийг давах хэрэгтэй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, мөн Монгол Улсын Засгийн газар, Онцгой комиссоос зарласан энэ хорио цээрийн дэглэмийг Монгол Улсын иргэн бүр чанд мөрдөж ажиллах ёстой.
Дэлхий даяар тархсан энэ аймшигтай тахал монгол орноос минь холуур өнгөрөх болтугай. Тухайн улс орон ч гэсэн энэ тахлаа хурдан дарж авах болтугай. Увсчууддаа бүгдэд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
-Цаг
зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.