Хятад улс амны хаалт үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 94 хувийг ашиглаж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-02-14 17:01:50

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс коронавирустэй хийж буй тэмцлийн механизмын талаар мэдээлэл өгөхөөр өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас Ухань хотод илгээж буй эмнэлгийн хамгаалалтын хэрэгслийн талаар мэдээлэл өгөв.

Тус яамны Хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Цао Шүэжүний танилцуулснаар, 2-р сарын 12-ны өдрийн байдлаар Хятадын дотоодын үйлдвэрүүд коронавирусний халдвар анхлан гараад буй Хубэй мужид 727 мянган ширхэг эмнэлгийн хамгаалалтын хувцас, 358 мянган ширхэг эмнэлгийн зориулалттай нүүрсний болон нүдний хаалт, 156 ширхэг агаарын битүүмжлэлтэй түргэний автомашин, 2286 ширхэг амьсгалын аппарат, 6929 ширхэг зүрхний бичлэгийн аппарат, 761 ширхэг хэт улаан туяаны бүрэн автомат халуун хэмжигч зэргийг нийлүүлээд байгаа аж.  

Мөн тус улсын Хөгжил, шинэчлэлийн хорооны Аж үйлдвэрийн хөгжлийн хэлтсийн тэргүүлэх хянагч Ся Нун амны хаалтын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа талаарх мэдээллийг танилцуулахдаа, “2-р сарын 2-ны өдрөөс хойш Хятад улс амны хаалт үйлдвэрлэлийн хэмжээгээ өдөр бүр нэмэгдүүлсээр байна. 2-р сарын 11-ний өдрийн байдлаар Хятад улс даяарх амны хаалт үйлдвэрлэх хүчин чадал 94 хувьд хүрээд байна. Үүнээс өвчний голомт болоод буй газруудад шаардлагатай байгаа N95 төрлийн хамгаалах амны хаалтны үйлдвэрлэлийн хүчин чадал 128 хувьд хүрээд байгаа бол N95 төрлийн бус амны хаалтын үйлдвэрлэлийн хүчин чадал 106 хувьд хүрсэн байна. Нийтдээ 8 мужид N95 төрлийн, 10 мужид N95 төрлийн бус амны хаалтын үйлдвэрлэлийн хүчин чадал 100 хувь буюу түүнээс дээш түвшинд хүрсэн” гэв.

Коронавирусний тохиолдол 1000 буюу түүнээс дээш бүртгэгдээд буй мужуудад N95 амны хаалтын үйлдвэрлэлийн өсөлт харилцан адилгүй байна. Тухайлбал, 2-р сарын 2-ны өдөр Хубэй мужид 45 мянга, Гуандун мужид 33 мянган ширхгийг үйлдвэрлэж байсан бол 11-ний өдрийн байдлаар Хубэй мужид 158 мянга, Гуандун мужид 40 мянган ширхэг болж нэмэгдсэн байна.

Харин N95 төрлийн амны хаалт үйлдвэрлэдэггүй байсан Хөнань муж 14 мянга, Жөзянь муж 100 мянган ширхгийг үйлдвэрлэх болжээ. Ингэснээр өвчний голомт дээр ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад шаардагдаж буй амны хаалтын хэрэгцээг хангаж чадаж байгаа талаар мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ