Аяллын хөлөг онгоцноос БНСУ-ын иргэдийг ерөнхийлөгчийн онгоцоор нүүлгэн шилжүүлнэ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-02-18 12:47:50

СӨҮЛ. /TASS/. Японы Ёкохама хотын боомтод тусгаарлагдсан байгаа “Diamond Princess” аяллын хөлөг онгоцноос БНСУ-ын иргэдийг ерөнхийлөгчийн онгоцоор нүүлгэн шилжүүлнэ гэж тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Ким Ган Нип Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, БНСУ-ын Агаарын цэргийн хүчний номер нэг нисэх онгоц мягмар гарагт Сөүлийн ойролцоох Соннам хот дахь агаарын баазаас хөөрч, Өмнөд Солонгосын дөрөв, Японы нэг иргэний /тэдгээрийн нэгийнх нь гэр бүлийн хүн/ хамт лхагва гарагийн өглөө буцаж ирнэ.


“Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр Өмнөд Солонгосын нийтдээ 14 иргэн байгаа бөгөөд ес нь зорчигч, 5 нь багийн гишүүд юм байна. Тэдний ердөө дөрөв нь нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрч, үлдсэн нь Японд байнга оршин суудаг, түүхэн эх нутагтайгаа ямар ч холбоогүй болсон учраас хөлөг онгоцон дээр үлдэхээр шийджээ. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг ирсний дараа 14 хоног тусгаарлаж, эмчийн хяналтад байлгана гэж БНСУ-ын Эрүүл мэндийн дэд сайд мэдээлсэн байна.


“Diamond Princess” хөлөг онгоц Ёкохама боомтоос нэгдүгээр сарын 3-нд хөдөлсөн бөгөөд хоёрдугаар сарын 3-нд буцаж ирэхдээ нэгдүгээр сарын 25-нд Хонконгоор дайрчээ. Уг хөлөг онгоцоор зорчиж явсан Хятадын иргэнээс коронавирус илэрсэн байсан байна. Японы эрх баригчдын шийдвэрээр хөлөг онгоц дээр хөл хорио тогтоосон юм.


Даваа гарагт Японы эмч нар хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан 99 шинэ тохиолдлыг илрүүлснээр халдвар авсан нийт хүний тоо 454 болж, уг хөлөг онгоц БНХАУ-аас гаднах коронавирусний халдварын томоохон голомт болж хувирсан байна.


Холбоотой мэдээ