Энэтхэг Монголын Гадаад хэргийн сайдыг хүлээн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-26 11:39:14

ШИНЭ-ДЕЛИ. /Economictimes/. Энэтхэг улс БНХАУ-ын хөрш Монголтой харилцаагаа бэхжүүлэх зорилгоор тус улсын Гадаад хэргийн сайдыг энэ долоо хоногт хүлээн авч байна. Энэтхэгийн парламентын доод танхимын дарга Сумитра Махаян Улаанбаатарт айлчилсны араас энэхүү өндөр хэмжээний айлчлал болж байгаа бөгөөд үүнийг БНХАУ сайтар ажиглаж байна.

Ураны нөөц баялаг ихтэй, буддын шашны соёлын өв болсон Монгол Улстай Энэтхэгийн тал стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа учраас Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэгт айлчилж байна. Энэ айлчлал Энэтхэгийн Ерөнхий сайдын Монголд хийсэн айлчлалаас хойш жил өнгөрөөгүй үед болж байгаагаараа онцлог юм.

Нарендра Моди өнгөрсөн тавдугаар сард Монголд айлчлах үеэр хоёр улс харилцаагаа стратегийн түншлэл гэдгийг тунхагласан бөгөөд Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Л.Пүрэвсүрэн нь энэ харилцааг хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийнэ гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Тус хоёр улс цэргийн хамтарсан сургуулилт, бэлтгэл хийх зэргээр батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж, бүс нутгийн асуудлуудын талаар мэдээлэл солилцох хэлбэрээр хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлүүд хооронд түншлэлийн харилцаа тогтжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ